“Петрочайна дачин тамсаг” ХХК Монгол Улстай байгуулсан гэрээгээ хэдий болтол нулимах вэ
Дорнод Монголын их талд "Петрочайна дачин тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулаад олон оныг үдлээ. Үйл ажиллагаагаа анх эхлэхдээ Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Гэвч тухайн үеийн гэрээ хаалттай байсаар өнөөдөртэй золгосон. Тэгвэл тус компани хаалттай гэрээ байгуулсан шигээ үйл ажиллагаагаа ч монголчуудад хаалттайгаар явуулсаар байна. Нэг ёсондоо тус компани монголчуудын эсрэг хатуу бодлого баримталдаг, хууль журмыг зөрчдөг, байгаль орчныг хайр гамгүй сүйтгэдэг болоод удлаа. Улс доторх улс болж ноёрхлоо тогтоосон тэд бусад гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаас хамгийн муу гэсэн үнэлгээг ард түмнээс авсан. Олон улсын болоод бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын жишгээр бол дээрх гэрээний дагуу ажиллах хүчнийхээ 30 хувийг дотоодоос авч байх ёстой. Бас наад захын хэрэгцээт бүтээгдэхүүнээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авна гэдэг энгийн логик энд байнга зөрчигддөг.
Гэтэл хорь гаруй жилийн хугацаанд "Петрочайна дачин тамсаг” ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдтэй байнгын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах битгий хэл ганц ширхэг хадаас ч худалдан авсангүй. Оюу толгой, Таван толгой гэхчлэн компаниуд өдөр бүр шахам бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтад дотоодын компаниудыг урьж байдаг. Бас тэнд монгол залуус тун боломжийн цалин хангамжтайгаар гадны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Гэтэл зүүн хязгаарыг эзэгнээд байгаа "Петрочайна дачин тамсаг” ХХК л таг чимээгүй. Ядаж л тээврийн хэдэн компанийн дунд тендер зарладаг ч яаж ийж байгаад хятад эзэнтэй компанид эрхийг нь шилжүүлчихээд байна.
Угтаа бол "Газрын тухай хууль”-д "Гэрээлэгч тал өөрийн үйл ажиллагаанд шаардах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох үүрэгтэй” гэсэн заалтыг уландаа гишгэж байгаа юм. Гэтэл өнөөдөр манай улсад зарлаж буй ихэнх тендерт дотоодын давуу эрх тооцно гэх заалт бий. Энэхүү заалт "Петрочайна дачин тамсаг” ХХК-д огтоос хамаагүй бололтой. Бодит байдал дээр өнөөдөр Дорнод Монголын талаас олборлож буй "хар алт”-ыг Хятадын компани тээвэрлэж урд хөрш рүү гаргаж байгаа нь үнэн. Хэрэв манай улсын хууль дүрмийг дагадаг бол монгол аж ахуй нэгжийн бүртгэлтэй, монгол эзэнтэй, монгол жолоочтой компани тээвэрлэлт хийж байх ёстой. Гэтэл манайд тийм компаниуд байхгүй биш өч төчнөөнөөрөө бий. Бүр зарласан тендерт нь ялаад, гэрээ байгуулсан ч гэлээ "нөөцийн” гэх ангилалд нь багтаад хүлээж байна. Ингэж дотоодын аж ахуйн нэгжүүдэд шилний цаанаас чихэр долоолгодгийг хэзээ зогсоох вэ. Бид зүүн хязгаар нутгаа хятадуудаар ухуулж төнхүүллээ гээд байгаль экологиороо хохирч байгаа. Ядаж эдийн засгаараа хохирмооргүй байна. Дотоодын компаниуд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомж руу нулимуулмааргүй байна. Одоо энэ асуудлыг ярих цаг болсон. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр урд хөрш рүү албан ёсны айчлал хийх сураг дуулдана лээ. Тэр үеэр "Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг төр засгийн удирдлагуудын хэмжээнд дахин сөхөх зайлшгүй шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.