Тусгай зориулалтын бус машинуудыг хилээр буцааж гаргахаар болов
Газрын тосны 19 дүгээр талбайд ажилласаны дараа 21 дүгээр талбайд ирж ажилалаа. Хятадын нэг жижиг тосгонд ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Хаашаа л харна Хятад дугаартай том машинууд зам хэрэн сүлжилдэн давхилдаж ажиллана. Дээр нь хятад хаяг шошготой хаалга, кэмпүүд олон, хаалган дээр нь урд зүгийн туг дарцаг намирах нь яг л Хятад тосгон шиг санагдаж байсныг нуухгүй ээ.
Газрын тосны 21 дүгээр талбайд байрладаг ангиудад тусгай зориулалтын бус машин олон байдаг гэсэн мэдээллийн мөрөөр бид хэд хэдэн ангиудаар орлоо. Тухайлбал, Угсралтын анги, Хорны анги, Тоног төхөөрөмж ашиглалтын анги гэх мэт ангиудаар орж, хятад дугаартай том тэрэг, тракторуудыг үзэх гэсэн боловч харуул хамгаалагч нар нь "Ангиуд руу гадны хүн оруулдаггүй, бас зураг хөрөг авахуулж болдоггүй, хятад эзэд аймаар уурладаг” хэмээн ойртуулах дургүй байв.
Ийнхүү зориулалтын бус автомашиныг урдаас оруулж ирээд зориулалтыг нь хүчээр өөрчилж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа асуудлыг зогсоох тал дээр Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяр зарим холбогдох компаниудад нь шаардлага тавьсан юм. Тэрбээр Газрын тосны 21 дүгээр талбай ажиллах үедээ өөрийн нүдээр харсан гэдгээ хэлсэн. Тухайлбал, чиргүүлтэй том машин дээр ёмкос тавьсан байх жишээний. Монгол номер аваагүй, Хятад улсын дугаартай машинаар тээвэрлэлт үйлчилгээ явуулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятад дугаартай машин явж байна гээд бод доо.
Тиймээс сүүлийн үед дотоодын тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас "Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаандаа хийц өөрчилсөн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж байгаа тухай мэдээллийг аймгийн Автотээврийн төвд хүргүүлсэн байдаг.
Тэгвэл мэдээллийн хариуд холбогдох дүрэм, хууль журам, стандарт шаардлагын дагуу хяналт шалгалт хийж, зориулалтын бус тээврийн хэрэгсэл болон хийц өөрчилөн ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийг зогсоох, буцаах хүртэл арга хэмжээг авч ажиллана гэдгийг албан бичгээр хариу болгон мэдэгдсэн. Тодруулбал, үйлчилгээнд гаргахгүй зогсооно, эсвэл оруулж ирсэн хилээр нь буцааж гаргана гэсэн үг юм. Монгол Улсад ийм тусгай зориулалтын бус машин оруулж ирэх ёсгүй юм. Хэрвээ тавьсан шаардлагыг биелүүлэх бол хуулийн хариуцлага хүлээлгэж, оруулж ирсэн машинуудыг нь буцаах хүртэл арга хэмжээ авна.
Газрын тосны 21 дүгээр талбайд тусгай зориулалтын бус тээврийн олон хэрэгсэлтэй таарлаа. Угсралтын ангийн талбайд бол хятад дугаартай зориулалтын бус машин, жижиг тракторуудыг олноор нь эгнүүлэн тавьсан байв.
Хортой шингэн соруулж тээвэрлэдэг гэх "Цэнхэр шингэн” ангийн талбайд очиход тусгай зориулалтын бус тээврийн хэрэгслүүдийг эгнүүлэн тавьсан байв. Бүр хоёр хоногийн өмнө Бичигтийн боомтоор оруулж ирсэн цоо шинэ 9 улаан том тэрэг байв. Тэд бүгд зориулалтынх бус. Ангийн дарга нь "Маргааш хот орж Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлөө авна” гэх. Мөн дээр нь трактор, жижиг тэрэг гээд бүгд бий. Тэднийг Монгол Улсын хилээр яаж ямар аргаар оруулж ирсэн нь бүрхэг. Тэгсэн хэрнээ ийм загвар, зориулалтай том тэрэгнүүд Монголд байхгүй учраас урдаас оруулж ирдэг гэж мэлзэнэ. Гэвч Монголд ийм машин, тракторууд олон бий.
Аймгийн Автотээврийн газраас өгсөн албан бичгийг тус ангийн дарга Ван Донг үзүүлж орчуулагчаараа дамжуулан хэдэн асуултанд хариулт авлаа. Тэрбээр "Энд зогсож байгаа машинууд ажилладаггүй юм. Харин жинхэнэ зориулалтын машинуудыг оруулж ирсэн байгаа одоо зөвшөөрлөө авна. Өчигдөр Газрын тосны газраас хүмүүс ирж эдгээр машинуудыг үзээд явсан. Орчуулагч байхгүй болохоор сайн ойлголцож чадаагүй” гэсэн юм.
-Танайх эдгээр зориулалтын бус том тэрэгнүүдийг урдаас яаж оруулж ирсэн юм бэ.Ямар зориулалтаар ашиглах гэж оруулж ирсэн бэ?
-Зам харилцааны товчооноосоо энгийн арга барилаар оруулж ирсэн.
-Монгол Улсын хууль дүрэмд зориулалтыг нь өөрчилсөн машиныг оруулж ирэхийг хориглодог. Яагаад хууль зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа вэ?
-Тийм үү. Сайн мэдэхгүй байна. Оруулж ирсэн машинуудаа маргааш гэхэд хилээр буцаагаад гаргачихна.
-Энд байгаа автомашинуудын ихэнх нь монгол номер аваагүй байна. Яагаад номер авахгүй байна?
-Монголын нутаг дэвсгэрт хятад номер дугаартай явахыг Зам харилцааны яамнаас зөвшөөрсөн шүү дээ.
-Хилээр буцааж гаргах, мөн торгох хүртэл арга хэмжээ авдагийг мэдэх үү?
-Асуудалгүй, буцаагаад хилээр гаргачихна.
Авто тээврийн хэлэлцээр гэж хоёр талын улсад хийгддэг. Үүнд нэг заалт бий. Хэлэлцэн тохирогч аль нэг тал нь нөгөө талынхаа нутаг дэвсгэрт эхэлж төгсөх маршруттай тээвэрлэлт гүйцэтгэхгүй гээд тодорхой заагаад өгсөн байна. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятадын маршруттай ажлыг хийхгүй. Хэрвээ хийх тохиолдолд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл Монголд байхгүй тохиолдолд хийж болно гэж заасан байдаг. Бусад нь Монголоос олдож болох машин байвал Монголоос нь явуулах ёстой гэж тодорхой заасан байгаа.
Гэтэл Хятадууд Монголын Засгийн газрыг хуураад, яам болон холбогдох газруудыг нь хуурч тусгай зориулалтын гэх нэрийдлээр хийцийг нь өөрчилж зориулалтын бус тээврийн хэрэгслүүдийг оруулж ирээд Үндэсний тээвэрлэгч компаниудын ажлын байрыг булааж авч, Авто тээврийн үндэсний төвд нь худлаа хэлсээр байна. Учир нь Монголд ийм машин байхгүй. Ганцхан Хятадад бий гэж худлаа зураг үзүүлж, материал бүрдүүлж байгаад оруулж ирэх тусгай зөвшөөрөл авдаг байна.
Өөрөөр хэлбэл, хууран мэхлэх замаар, хулхи аргаар зориулалтын бус автотээврийн хэрэгслийг олон удаа оруулж иржээ. Гэвч манайд ийм машинуудын олдоц элбэг бий. Хувь хүнд ч бий, мөн худалдаж аваад түрээсээр үйлчилгээ явуулах ч боломжтой юм.
"Петрочайна Дачин Тамсаг” компанийн Туслан гүйцэтгэгч "Daging Downhole Well testing crew” дачин цооногийн, үйлчилгээний анги зориулалтын бус тээврийн хэрэгслийг олноор оруулж ирж зөвшөөрөл авчээ. Нийт 92 машины зөвшөөрөл гаргуулсан байгаа гэнэ. Тэгвэл манай үндэсний компани эдгээр машины 30 хувийг нь авчихлаа гэхэд орон нутгийн иргэдийн тодорхой хувийг ажлын байраар хангах, орлоготой амьжиргаатай болгох бүрэн боломж байгаа юм.
Чадалтай нь нэг машин авч, чадалгүй нь хэдээрээ нийлж байгаад нэг машин зээлээр ч юмуу худалдаж авах боломж нөхцлөөр нь хангаад өглөө гэж бодоход нэг жилийн дараа орлоготой залгачихна. Жил хагасын хугацаанд түрээсээр ажиллаж байгаад хувийнх болгоод авах боломж бий. Тэгээд л нэг айл, цаашаа нийлээд 4 айл хоолондоо хүрэх бүрэн боломжтой. Сард дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой болчихно гэсэн үг. Ингэж л ажилгүй иргэдийг ажлын байраар хангах бүрэн боломж бололцоо харагдаж байгаа юм. Гэвч Матад суманд ажлын байр тун ховор байдаг гэнэ. Ажилгүй иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд үндэсний гэх тодотголтой компаниудыг дэмжиж нь зөв гэж үзэж буй.
"Зөв боломж” компани бууж, "Пампиус”компани ажиллах хүч зуучлахаар болжээ
Өнгөрсөн 2016 онд Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж буй "ПетроДайчин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн гэрээт ажилчин хэсэг залуус метилийн спиртэнд хордож гурван хүн нас барж, хоёр хүн гүн хордлого авсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Эл хэрэг явдлаас үүдэж "Зөв боломж” компанийг татан буулгаж, энэ жил ажиллах хүч зуучлахаар шинэ "Пампиус” нэртэй компанийг оруулж иржээ. Энэ жил тус компани 700 гаруй иргэнийг ажилд зуучлах бөгөөд ихэнхийг нь Дорнод аймгаас авахаар болжээ. Харин Матад сумаас 30 гаруй иргэнийг ажилд зуучлаж өгнө гэнэ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.