Ш.Лхамсүрэн нарт л хариуцлага тооцохгүй бол Ерөнхий Сайдын үг ямар ч үнэ цэнэгүй болно
"Дүнжингарав-2018" нэртэй хурдан морины уралдаан 3 сарын 18-нд шөнө хагаслан болж, уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тус уралдааныг 2008 оноос хойш Засгийн газраас шийдвэр гаргаж, Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсаар ирсэн юм. Харин энэ жилийн хувьд уг уралдаан гэгчийг Засгийн газрын тогтоолоор хориглосон байсан ч Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэнгийн тушаалаар дур мэдэн зохион байгуулсан билээ. Тэр бүү хэл 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах байсан уралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж, 11 настай хүүхэд уралдуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хориглосоор байтал соёлон морины уралдааныг оройн цагаар зохион байгуулсан байсан нь хожим илэрсэн. Уг уралдааныг зохион байгуулах комиссын дарга нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн байсан бөгөөд тэрээр орой болж, нар жаргах гэж байхад соёлон насны морьдыг уралдуулах шийдвэрийг биечлэн гаргасан байдаг.