Д.Сугарын бүрэн эрх ДОЛОО хоногийн дараа дуусна, цаашаа хэрхэх вэ
Нэгэн үе "МИАТ” ТӨХК-ийн "Дайны эрсдэлийн сан”-гаас 700 сая ам.доллар мөнгө угаах замаар алга болж, Д.Сугарын Японы баячуудын хороололд үнэтэй байр авсан зураг хэвлэлүүдээр гарч, айхтар дуулиан дэгдэж байв. Хуулийнхан уг асуудлын араас мөшгиж, яг хэрэг бишддэгийн даваан дээр Д.Сугарыг УИХ-аас цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн, 2012 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Тухайн үед парламентад МАН олонхи байв. Хуулиараа цэцийн есөн гишүүнийг томилохдоо гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог. Уг хуулийн заалтын дагуу МАН нуугдах газар хайж явсан Д.Сугарт цэцэд суудал өгч, зургаан жилийн хуулийн хамгаалалтад оруулсан билээ.
Цэцийн халхавч дор зургаан жил нуугдсан "хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-ний өдөр дуусна. Тэрээр "МИАТ” ТӨХК-ийн "Дайны эрсдэлийн сан”-гаас алга болсон 700 сая ам.доллар, "Эрдэнэт”-ийг их маргаан дэгдэх бүр "Шалгуулахад бэлэн байна” гэж хэлдэг. Тэр ч байтугай хамгийн сүүлд Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж хоригдоход бэлэн байгаагаа ч дуулгасан юм.
Гэвч яг бодит байдал дээр Д.Сугар шалгуулахаас ямагт зугтсаар ирсэн нь үнэн юм. Тухайлахад, шүүхийн байгууллагаас Д.Сугарын цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар, МИАТ-ын асуудлыг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт тавьж, түүнийг нь цэц хүлээж аваагүй. Тэр цэцдээ яг ингэж нөлөөлж, цалин бууруулах төдийхөн хошин шогийн арга хэмжээ авахуулсаар ирсэн нэгэн.
Энэ удаа түүнийг дахин аз дайрах магадлал асар бага. Нэгэнт Үндсэн хуулийн цэц дээр цэцийн гишүүн дахин сонгогдох заалт уначихсан. Тиймээс түүнд цэцэд үлдэх орон зай байхгүй. Цэцээс гарлаа л бол С.Баярын араас аваачаад, хорьчихож мэдэх том эрсдэл түүнийг хүлээж буй. Угаас саяхан болж өнгөрсөн их баривчилгааны үеэр Д.Сугарын нэр дурсагдсан ч цэцийн гишүүний бүрэн эрх тээг болсон билээ.
Сугарт гэхдээ нэг боломж бий. Цэцийн гишүүнийг нөхөн томилох нарийвчилсан хуулийн хугацаа байхгүй. Тиймээс нөхөн томилгоо хийгдэх хүртэл тэр эрхээ эдэлнэ. Томилгоо хаврын чуулганаар шийдэгдэж амжихгүй бол ирэх намрын чуулган руу орно гэсэн үг. Энэ хугацаанд "Эрдэнэт”-ийн хэргийг нэг тийш болгож, Ш.Батхүү, Б.Мөнхжаргал нараар "туг тахина”. Туг тахилт явагдах хүртэл түүний орны томилгоог хийхгүй удаашруулах аргачлал хэрэглэнэ гэсэн үг.
МАН-ын нэр хүндийг тасралтгүй шороонд хутгасаар ирсэн энэ хүнд нам нь чухам ямар өртэйг мэдэхгүй. Д.Сугарт одоо Элчин сайд амлаж, гадагш нь илгээдэггүй л юм бол өөр шингээх газаргүй мэт харагдаж байна. Том утгаар нь бодсон ч бид улсынхаа өч төчнөөн хөрөнгийг зарж үрж идчихээд, дараа нь хаа нэгтээ очоод бүгчихдэг эрхмүүдтэй одоо тэмцэх цаг болсон билээ.
Эрх баригч нам Д.Сугарыг удаан хугацаанд хаацайлж нууж чадлаа. Одоо ил гаргаж, хариуцлага ярьж чадах уу гэх хүлээлт үүсгээд байна.
Ж.МЯДАГБАДАМ