“Даварсан” засаг даргад даруулга хэрэгтэй болжээ
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид огцруулахаар гарын үсэг зуржээ. Улмаар яаралтай хуралдаан зарлаж, Засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг хөндөхийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатад өнгөрсөн сарын 27- нд албан шаардлагаар хүргүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн үзэж буйгаар, Засаг дарга Х.Болормаа нь удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд гаргасан байна. Төлөөлөгчдийн зүгээс "Х.Болормаа нь Засаг даргаар хоёр жил ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар, хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Засаг дарга Х.Болормаа нь дүүргийнхээ иргэдийг ялгаварлаад зогсохгүй дүүргийн төсвийн хөрөнгийг тэгш бусаар зарцуулж буйд иргэд болон төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Үүний нэг жишээ нь 2018 оны дүүргийн төсвөөс 12 дугаар хороонд зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бол зарим хороонд нэг ч арга хэмжээ тусгаагүй явдал. Түүгээр ч барахгүй аудитын газраас хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тодруулбал, УИХ, Засгийн газрын тогтоол болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөнөөр 620 сая төгрөгийн зөрчил гаргасан байна. Үүнд дээд шатны байгууллага, удирдлагын албан ёсны шийдвэргүйгээр аялал жуулчлалын компанид 67 сая төгрөгийн гадаад томилолтын зардлыг дүүргийн төсвөөс гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1- ийг, ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгохдоо журамд заасан хувь хэмжээнээс илүү тооцож, 8 сая 709.3 мянган төгрөгийн урамшуулал олгосон нь Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журмын 5.5 дахь заалтыг тус тус зөрчжээ. Түүнчлэн гэрээт ажилтнуудын цалинг гэрээний дүнгээс илүү олгож, 8 сая 640 мянга, дүүргийн ажлын танилцуулга зохион байгуулах оройн арга хэмжээнд 13 сая төгрөгийг үргүй зарцуулсан байх юм.
Ингээд ч зогсохгүй Засаг даргын орлогч, зөвлөх дэргэдээ ажиллуулж, баталсан орон тооноос илүү гаргасан нь Төсвийн хуулийг тус тус зөрчиж байгаа аж. Энэ мэтээр хуульгүй улсад амьдарч байгаа мэт аашилж, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж буй нь Х.Болормааг огцруулах зүй ёсны шаардлага болоод байгаа аж. Мөн тэрбээр аудитын газраас гаргасан өмнөх зөвлөмжийг ч биелүүлээгүй өдийг хүрчээ. Тухайлбал, аудитаар долоон зөвлөмж өгсөн ч бараа материалаа ангиллын дагуу бүртгээгүй, улсын төсвийн байгууллагын урсгал төсвийн зардал, хөрөнгийн зардал гаргасан, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан зэрэг гурван зөвлөмжийг хэрэгжүүлээгүй аж. Энэ мэтээр Сүхбаатар дүүргийн эзэн мэт аашилж буй Х.Болормаа даргад даруулга хэрэгтэй байгааг жирийн иргэд нь хүртэл ярьж эхэлжээ. Ямартай ч, тус дүүргийн МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Засаг дарга Х.Болормаагийн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч, дүүргийн иргэдийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргаж байгаагаас гадна 2017-2018 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг "Хангалтгүй” гэж үзсэн учраас ийнхүү огцруулах санаачилгыг гаргажээ. Гагцхүү дүүргийн ИТХ-ынхан тэдний шаардлагыг хүлээн авч, яаралтай хуралдаан зарлах эсэх цаашлаад даварсан Засаг даргадаа хариуцлага тооцох эсэхийг харах л үлдлээ.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын Үнэн” сонин