Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр яригдаж буй Ш.Солонго гэж хэн бэ?
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд томилогдох хүний талаар ярьж эхэллээ. Энэхүү асуудлыг өнөөдөр /05.21/ МАН-ын бүлгийн хуралдаанаар ярьж, Ш.Солонгын томилох талаар хэлэлцэж байна. Ш.Солонго нь 1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй. 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.
1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч, 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт, 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Засгийн газарт хорь гаруй жил ажилласан Ш.Солонго мэргэжилтнээс нь эхлээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болтлоо дэвшсэн.
Түүнчлэн МАН, АН-ын сүүлийн бүх Ерөнхий сайдуудтай хамтран ажилласан нэгэн юм. Мөн төрийн өмчийн нилээд олон аж ахуйн нэгжийн ТУЗ-д багтдаг байж. Ямартаа л Төрийн банкны ТУЗ-д байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдын нэг хэмээн нэрлэгдэж байв. Энэхүү үйлдэл нь банкны тухай хуулийн 31, төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн 157,150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байдаг. Мөн "Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын гэргий билээ. Ж.Солонгын хууль бус үйлдлийг түүний эхнэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нуун дарагдуулдаг гэж ахмад уран бүтээлчид мэдээлэл хийж байсан удаатай.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл байхгүй байна.