“Агаарын бохирдлыг бууруулах" дэд ажлын хэсэг нийслэлийн дүүргүүдэд ажиллалаа
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар "УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан билээ.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж, "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.
Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн саналыг сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хорооны иргэн С.Сарангоо Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд, хэрэв дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө салаалж дулаанд холбогдох гарц байгаа талаар саналаа УИХ-ын гишүүдэд уламжиллаа.
Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2017 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулж улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгасан нь үр дүнгээ өгч байгаа. Тиймээс 2018 оны төсөвт 8.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, хамрах хүрээг нь нэмж буй. Мөн УИХ-аас агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Дараа нь Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн X хороонд байрлах "Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан. Тус станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлсэн. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой талаар тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцууллаа.
Тэрбээр дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг "Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах, "Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах, станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.
Түүнчлэн Ажлын хэсэг энэ онд төвийн дулааны шугамд холбогдсон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. 1980 онд ашиглалтад орсон цагаасаа уурын зуухаар халааж ирсэн тус эмнэлэг өнгөрсөн онд 117 сая төгрөгийн халаалтын зардал гаргаж байсан бол төвийн дулааны шугамд холбогдсоноор 64 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан байна. Үүнээс гадна гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдсэн иргэд нүүрснээс бага зардлаар тав тухтай орчинд амьдарч буйгаа Ажлын хэсгийнхэнд танилцуулсан.
Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Ш.Цэцэгдэлгэрийн байлаа. Тэрбээр амьны орон сууцаа дулаалж, цахилгаанаар халаахаас гадна төвийн цэвэр бохирын шугамд ариун цэврийн өрөөгөө холбосон байна. Энэ мэтээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй агаарын, орчны бохирдлын эсрэг арга хэмжээнд иргэний хувь нэмрээ оруулж буйгаа хэллээ.Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол болон нийслэлийн удирдлагууд орж ажиллалаа.
Эх сурвалж: БОАЖЯ