Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг яаравчлуулахыг хүслээ
Гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн дэвшлийг суурилуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрхүүдтэй УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ сараас танилцаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ийн гишүүн Л.Болд, Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ, ЭМЯ болон нийслэл, дүүргийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогт ажилласан юм.
Д.Оюунхорол гишүүн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулга хийхдээ "Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БЗД-ийн 2, 21, 27-дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн хүүхдийн эмчилгээ болон вакцины өрөөнүүдэд ЭКО-Нано халаалтын төхөөрөмжүүдийг өнгөрсөн онд суурилуулсан. Энэ төхөөрөмж нь өрөөг халаахаас гадна чийгшүүлдэг, 100 хувь ариутган халдваргүйжүүлж байгааг эмнэлгийнхэн маань онцолж байгаа. Өрхийн эмнэлгүүдээс гадна 27-р хорооны хэд хэдэн айл, 102-дугаар сургуулийн нэг ангид туршилтын шугамаар суурилуулсан. Агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд шаардлагатай авах арга хэмжээ бол сайжруулсан түлш гэдгийг бид хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс тойргийнхоо бага орлоготой 600 өрхөд утаа бага ялгаруулдаг үртсэн шахмал түлш олгосон. Энэ түлш утаа багатай, илч сайтай, элдэв үнэргүй байгааг иргэд маань хэлж байгаа. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа эко ариун цэврийн байгууламж барих төслийг манай тойргийн 27 дугаар хорооны айл өрхүүдэд хэрэгжүүлэх судалгааг бүрэн дуусгаад ажил эхлэх шатандаа орж байгаа. Ганц худгын амнаас уруудах 2,8 км үерийн хамгаалалтын далан байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт суулгасан нь хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр БЗД-ийн 2-дугаар хороо нь дэд бүтэц ойртуулж, дахин төлөвлөлтөд орууулахад хамгийн тохиромжтой байршилд байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм.
Энэ үеэр 2 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүд, БОАЖ-ын сайд, Нийслэлийн удирдлагуудыг угтаж авсан бөгөөд тэд агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд авч хэрэгжүүлэх зайлгүй арга хэмжээ нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаж, Д.Оюунхорол гишүүний хэлснээр дэд бүтцэд ойр Дарь-Эхийнхнийг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулж өгөхийг хүсч байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.