МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн дургүй бөхчүүдийг допингчин болгож байна
МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв.
Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа "Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний бөхийн нэр хүндийг олон жилийн турш унагаж байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, ах дүү, эхнэр нөхрөөс бүрдсэн допингийн хууль бус бизнес, шантааж, начны найраа буюу мөнгө авч зориудаар унаж өгөх хууль ажиллагааны эсрэг тууштай тэмцэж байгаа ч дээрх бүлэглэл нь шүүх, прокурор, цагдаа, АТГ, ХЗДХЯ-нд өөрийн гэсэн гар хөлтэй сүлжээ болчихсон байгаа тул олон бэрхшээлтэй нүүр тулж байна" гэжээ.
Мөн "УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын наадмыг найраа хийж мөнгө босгодог ахмад бөхчүүд нийлж өөрийн хамаарал бүхий "Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ өөрийнх нь фракцийн биш, үгэнд нь ордоггүй, найраанд ордоггүй, ид барилдах насан дээрээ яваа бөхчүүдийг допинг илэрсэн гэсэн худал дүгнэлт гаргуулж, нэр хүндэд нь халдаж, айлгаж, дарамталж, өөрийн хамаарал бүхий наадмын барилдааны будлиан, найрааг гол зохион байгуулагч, бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, талцуулагч Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нараар дарамтлуулж, нөлөөлүүлж, бүртгэхээс татгалзаж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд нөлөөлдөг хууль бус үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул арга буюу танд хандахад хүрч байна. БНСУ руу явуулсан бөхчүүдийн шээс нь өөр хүний шээс болж, тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо. Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ыг шударгаар барилдаж яваа, өөрийнх нь болон фракцийнх нь хууль бус ажиллагаанд оролцдоггүй, дэмждэггүй бөхчүүдийн эсрэг зэвсэг болгож болгож, сонгууль, улс төр хийх мөнгө босгох арга хэрэгсэл болгосон байна.
Иймд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн "Аварга” Дээд Сургуулийн захирал, багш, ажилчид, эхнэр нөхрөөс бүрдсэн "Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ын бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг яаралтай цуцалж, шударга, хараат бус эмч, ажилчдаас бүрдсэн, хөндлөнгийн хяналттай, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллагаар уг шинжилгээг авахуулж өгөхөд анхаарал хандуулж, шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Ингээд хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.