Монголын төр хүн хулгайлсан уу?
Ардчилсан төр эн тэргүүнд гурван чухал үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй. Энэ бол хүний аюулгүй байдал, хүний эрх, хүний эд хөрөнгө юм. Хөрөнгийн хувьд Монголын төр нийтийн хөрөнгийг хамгаалахын оронд хуйвалдан завшиж ирсэн. Байгаль орчны яамны үе үеийн удирдлагуудын үгсэн хулгайлсан Богд уулын ар бэл ба бүх ам үүнийг харуулж байна. Нийслэлийн удирдлагуудын завшсан нийтийн эзэмшлийн газруудыг бүр дурдаад ч яахав. Хүний амьд явах эрхийг хамгаалах биш, шууд бусаар хулгайлж байгаагийн тод жишээ нь олон мянган хүний амийг авч буй хотын утаа, авто замын осол, стандартын биш барилгын ажлууд.
Энэ мэтээр хүний амь нас, аюулгүй байдлыг манай төр засаг хамгаалж чаддаггүй юмаа гэхэд санаатайгаар хорлож, халдаж, хулгайлдаггүй гэж 2018 оны 7-р сарын 27-ны өдрийг хүртэл иргэд бид итгэж ирсэн.
Энэ өдөр Монголын төр хүн хулгайлж, гадаадын улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг алдалгүй мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг таслан зогсоов.
Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард түмний гарт байдгийг Монголын иргэд харуулав. Асуудлын гол нь хулгайлагдсан хүн нь гадаадын иргэн байгаад биш, харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн бүрт Монголын хууль журам яг ижил үйлчилдэг, бүх хүний дээрх гурван эрх яг адилхан хамгаалагдсан байх ёстойд оршиж байна. Манай улсад хүнийг хулгайлах, эрүүдэн шүүхийг хуулиар хорьсон байдаг.
ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭМТ ХЭРГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ДАРААЛАЛ
Турк улсын иргэн, Монголд 25 жил ажиллаж буй, Турк сургуулийн багш Вейсэл Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хулгайлав.
- 09:30 цагийн орчимд тэр гэрээсээ гарч явахад нь үл таних хүмүүс хүчээр барин "Тоёото Алфард" маркийн машинд түлхэн оруулж авч явжээ. Хулгайлсан хүмүүс нь монголчууд байжээ.
- 09:51 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Турк улсын иргэнийг хүчээр машинд суулган авч явлаа гэсэн гомдол ирлээ.
- 13:00 цагийн орчимд Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат нийгмийн мэдээллийн хэрэгслээр дүрстэй мэдээлэл хийж, энэ хэргийн тухай нийтэд зарлав.
- 13:54 цагт Туркийн ТT-4010 дугаартай жижиг онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд зөвшөөрөл авсан цагтаа газардав.
- 15:30 цагийн орчимд В.Акчайг нисэх буудлын ойролцоо аваачив.
- 16:00 цагийн орчимд Турк сургуулийн төгсөгчид онгоцны буудалд цугларч эхлэв. Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Лу.Болд зэрэг албаны хүмүүс онгоцны буудалд ирлээ.
- 17:00 цагт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Туркийн тусгай үүргийн онгоцыг асуудал тодорхой болтол нисгэхгүй байх санал тавилаа.
- 18:00 цагт Сөрөг хүчин болох АН эрх баригч МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ хэргийн тухай тайлбар өгөхийг бичгээр шаардав.
- 20:00 цагийн орчимд В.Акчайг гарыг нь гавлан, толгойг нь битүүлэн, амыг нь скотчдон, бүтэн өдөр хүчээр хорьж байсан этгээдүүд гэрийнх нь орчим машинаас буулгаж хаяв.
- 21:00 цаг орчим В.Акчай Цагдаагийн ерөнхий газарт очиж, юу болсон тухай мэдүүлэг өгч эхэлжээ.
- 21:20 цагт дөрвөн хүнтэй ирсэн Туркийн онгоц дөрвөн хүнтэйгээ, захиалсан цагаасаа 3 цаг 20 минут хоцорч Улаанбаатараас хөөрөв.
- 01:40 цаг орчим Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас В.Акчай гарч, цугларсан олонд товч мэдээлэл хийж, монголчуудад талархаад гэртээ харьсан. Гурав хоногийн дараа 7-р сарын 30-нд Туркийн Гадаад xэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдээлэл хийж "…Өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа гэж нэрлэж байгаад БНТУ гүнээ харамсаж, энэхүү үндэслэлгүй мэдээллийг эрс няцааж байна” гэв.
Энэ бүх үйл явдлын гинжин холбоог хөөж үзээд БНТУ ба Монгол Улсын тагнуулын байгууллагууд харилцан тохиролцож, хамтран хүн хулгайлахыг оролдсон гэж дүгнэж болох юм. Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Ерөнхий сайд өнөөг хүртэл тас дуугүй байгаа нь иргэдийн айдсыг төрүүлж эхэллээ.
Хүн хулгайлах энэ оролдлогыг хөврүүлэн хөөвөл, Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үзэж болох юм. Монголын Засгийн газар хоёр ноцтой зөрчил гаргалаа.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжууд, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үл ойшоосон явдал.
Хоёрдугаарт, гадаад улстай байгуулсан хоёр талын гэрээгээ биелүүлээгүй хэрэг юм.
Тухайлбал, Турк улстай өөртэй нь 2000 онд байгуулсан "Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг зөрчсөн байна. Монголын Тагнуулын ерөнхий газар өмнө нь ч хүн хулгайлж байсныг иргэд мартаагүй. 2003 оны 5-р сард Францын иргэн болсон, монгол залуу Д.Энхбатыг хулгайлан авчирсан бөгөөд төдөлгүй энэ хүн шоронд нас барсан. Туркийн Засгийн газар хулгайлагдсан В.Акчайг Гүлэний бүлгийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг тэдний шүүхийн шийдвэргүйгээр Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол бол ардчилсан улс учраас хүнийг барих, хорихыг зөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой.
Эдүгээ Монгол Улсын иргэд бидэнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ эдлэх боломж байгаа эсэхэд эргэлзэх хангалттай шалтгаан үүсээд байна. БНТУ-ын тусгай үүргийн онгоц Монгол Улсад газардсан гэдэг нь төрийн түвшинд зөвшилцсөн гэдгийн баталгаа юм. Ийнхүү Монголын төр хүн хулгайлахыг зөвшөөрсөн нь айдас төрүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс энэ хэргийн тухай албан ёсны тайлбар хийхийг иргэд шаардаж байна. Хүн хулгайлан гадны оронд гаргахыг завдсан балмад үйлдлийг энэ удаа ард иргэд таслан зогсоов. Одоо Монголын төр хүн хулгайлахгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг Засгийн газраасаа шаардаж байна. Холбогдох олон улсын бүх байгууллага Монголын иргэдийн шаардлагыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН
Сэтгэгдэл байхгүй байна.