ШУНАЛТАЙ БАЙЖ БОЛНО, СЭРЭМЖГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

0
Шуналтай байж болно, сэрэмжгүй байж болохгүй
-Яагаад хаширдаггүй юм бэ-
 
Сүлжээний бизнес буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэнээс "Яагаад ийм юманд итгэж байгаа юм бэ?, ямар ч боломжгүй шүү дээ” гэж асуухад "Яахав дээ, хурдан их мөнгөтэй болчихъё” гэж бодоод гэдэг хариулт авахдаа урам хугарав. Яагаад, ийм гэнэн, болчимгүй, хариуцлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй, сул дорой юм бэ? Яагаад хаширдаггүй юм бэ?
 
Хэн нэгэн үл үзэгдэгчийн гарт 1000 доллар атгуулаад хэсэг хугацааны дараа түүнийгээ 2000 болгож аваад түүгээрээ байшин бариад сайхан амьдарна гэдэг хэзээ ч биелшгүй зүйл мөрөөдсөндөө тэд алджээ. Толгойгоо ажиллуулахгүй, биеэ зовоохгүй хялбархан аргаар мөнгө олох шунал, гэнэн зан, "тэнэг” бодол нь тэднийг гэмт хэргийн хохирогч болоход хүргэжээ.
 
Өчигдөр /2018.08.28/-ийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн 19 гэмт хэрэг шалгагдаж байна. Нийт 17 мянган иргэн элссэн бөгөөд албан ёсоор 39 хүнийг хохирогчоор тогтоогдон шалгаж буй. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй гэж мэдээлсэн.
 
"Жи тайм”-ын дуулиан намдаагүй байхад "Стамфорд” гэх сүлжээний бизнест залилуулсан гэх эмэгтэйчүүд "Би машинаа зараад энэ сүлжээнд орсон, Манай эгч, миний найз намайг энэ сүлжээнд оруулсан. Одоо цагдаа нар тэр этгээдийг барьж намайг хохиролгүй болгож өг” гэж цамнасаар цагдаагийн хэлтсийн үүдэнд цугларч, шаагилдсан. Итгэмгүй зүйлд итгэдэг гэнэн зантай тэд бас л залилуулчихжээ. Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр өчигдөр "Одоогоор стамфорд гэдэг сүлжээтэй холбоотойгоор нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 14 гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж албан ёсоор мэдэгдэв.
 
Цагдаагийн байгууллагаас "Понзи залилангаас болгоомжил”, "Пирамид сүлжээний залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү” гэх мэтээр таныг хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн ч иргэд сонссонгүй. Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөөд, одоо харамсаж, халаглаж, шаналж сууна.

Хамгийн харамсалтай нь, ойр дотны хүмүүстээ мэдэгдэлгүйгээр иргэний үнэмлэхийг нь авч очин бүртгүүлж, өмнөөс нь хураамжийн мөнгө төлж сүлжээний бизнесийн хохирогч болгосон тохиолдол ч байна. Энэ үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааж хуулиар хориглосон гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 

Аливаа нэгэн хууль бус сүлжээний бизнес Монголд нутагшин үйл ажиллагаа явуулж эхлэхэд бусдаас түрүүнд очиж бүртгүүлэн мөнгө төгрөгөө авчихаад, түүндээ олны уриалж, тархийг нь угааж суудаг хэсэг бүлэг хүн байгааг ч цагдаагийнхан олж тогтоогоод шалгаж эхэлсэн гэнэ. Энэ нь гэнэн итгэмтгий, шунаг зантай, амархан мөнгө олох хүслээ захирч чаддаггүй хэсэг хүмүүсийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, тэдний бодлогогүй үйлдлийг таслан зогсоох зөв алхам болж.

 Хэрэв танд нэр өөрчлөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх санал тавиад хариуд нь ногдол, ашиг урамшуулал олгосноор итгэмээргүй баян болгох төлөвлөгөө танилцуулж, таныг татан оруулахыг хүсвэл хялбархан аргаа мөнгө олох, байгаагаа хурдан өсгөх шуналаа түр дараад Яаж? гэж асуугаарай. Ямар ч боломжгүй, эцэстээ элссэн сүлжээ чинь дампуурч чи эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирогч болж үлдэнэ шүү гэдгийг л сэрэмжлүүлье.



О.Сайхан
Оллоо.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.