УНДУЙ-СУНДУЙ УЛААНБААТАР
/Их хотын иргэн миний бодол/
Муу нэртэй муу данстай ч Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд чамлахааргүй их ажил хийж нийслэл хот маань улам л эмх цэцгтэй болж байсан ч юм шиг... Харин Сундуйн Батболд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхэлсэнээс хойш Улаанбаатар хот маань улам л УНДУЙ-СУНДУЙ болоод байгаа харагдана. Итгэл, сэтгэл, зүтгэлийг харьцуулж нэг үзье. Товчхоон. Үүрэгт ажлаа аваад бүхэл бүтэн хоёр жил өнгөрч байхад УНДУЙ-СУНДУЙ даргад маань хогны ногоон уут байтугай, хорголын чинээ ч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар нэг ч бүтээн байгуулалтын ажил байхгүй л байна. Энэ их замын түгжрэл, стрэсс бухимдал, цэвэрлэх байгууламжын өмхий үнэр гээд бидний өдөр тутмын амьдралд тулгамдаж буй өч төчнөөн асуудлыг шийдэх ганц ч бодитой ажил хийсэнгүй. Гудамж төсөл, автозамын өргөтгөл, ад үзэгдээд байсан "Цэцэгт Улаанбаатар” төсөл гээд Үүлэн үстийн амжуулсан ажлыг тоочвол мундахгүй.
Бүр цаашилбал, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулсанаар ашиглалтад орсон "Хангай хотхон”, "Буянт-Ухаа-1, 2” дугаар хороолол зэрэг нь хичнээн залуу гэр бүлийг орох оронтой, оочих аягатай болгосон билээ. Гэтэл УНДУЙ-СУНДУЙ хотын дарга маань шунахайн сэдлээр хэд хэдэн газрыг наймаалцсан сурагтай. Үүлэн үстийн үед Сонгино-Хайрхан дүүрэгт баригдах байсан нийслэлийн Захиргааны байрны тендерийг дур мэдэн цуцалж, Яармаг орчимд ямар ч тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр нэг компани /тэр нь Кёкүшюзан-Д.Батбаярын компани байх жишээтэй/-д өгсөн нь хууль зөрчсөн төдийгүй илт ашиг сонирхлын зөрчилтэй луйврын үйлдэл болж харагдана. Улмаар Нүхт орчмын хэсэг газрын үнийг хөөрөгдөх гэсэн далд санааг УНДУЙ-СУНДУЙ дарга маань агуулсан бололтой юм. УНДУЙ-СУНДУЙ даргын эрх ямба нь дийлдэх биш дээ. Үүлэн үст дарга "приус”-ээр хөл залгуулдаг байсан бол мань УНДУЙ-СУНДУЙ дарга маань "Ланд-200”-гаар хөл залгуулах жишээтэй. Тэр ч бүү хэл Тэрбум гаруй төгрөгөөр хотын захиргааны 5 өрөөг өөрийнхөө ажлын өрөө болгон тухалсан нь хэсэгтээ л хэл ам дагуулсан.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хэн хүнгүй санаа зовдог нэг асуудал нь Улаанбаатар хотын УТААН-ы асуудал. Эрүүл мэндийн сайд нь ид утааны үеэр ерөнхий боловсролын сургуулийнг сурагчдыг хоёр сар амраах тухай ам нээсэн бол мань хотын дарга Сундуйн Батболд УТААН-ы асуудлаар "А” ч гэж дуугарсангүй. Өөрөө утаанаас зайдуу Зайсан хавьцаа тансаг хаустай хүн нэг их санаа зовдоггүй л байх Өнөөдрийн Ундуй-Сундуй Улаанбаатарын дүр зураг Үүлэн үстийн үед арай л цэгцтэй байсан ч юм шиг... "Аз жаргалтай Улаанбаатар” гэх сүржин нэртэй мөрийн хөтөлбөр нь хаана ч яваа юм... УНДУЙ-СУНДУЙ Улаанбаатарын хаа нэгтэй хэвтэж л байдаг байх даа, цаасан дээр... Эх орны маань нийслэлийг удирдаж яваа эрхэмд итгэл, сэтгэл, зүтгэл илт дутагдаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.