ШӨХТГ хэвлэлийнхэнд баримттай мэдээлэл өгөхөөс айдаг уу?
Өнөөдөр ШӨХТГ-аас нэгэн компанитай холбоотой мэдээллийн дагуу нягталж, нэмэлт мэдээлэл авахаар очсон боловч сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл авч чадсангүй.
Тодруулбал, ШӨХТГ-аас нэр бүхий байгууллагад шалгалт хийгээд хуулийн дагуу торгууль ногдуулсан, гэхдээ ямар нэгэн баримт ил гаргах болон хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх боломжгүй гэлээ.
Үүгээр ч зогсохгүй сэтгүүлчийн хувийн өмч болох гар утсыг хурааж авсан юм. Шалтгаан нь нууцаар бичлэг хийж тухайн албан тушаалтны ярьсан зүйлийг баталгаажуулах магадлалтай гэнэ.
"Танайхаас торгууль яагаад ногдуулсан бэ? дэлгэрэнгүй мэдээлэл болоод баримт хэрэгтэй байна” хэмээн албан тушаалтанд хандахад "Гар утсаа гаргаад ир, нааш нь өг, Та хэдээс/сэтгүүлчид/ айх юм. Юм л бол бичлэг хийчих үү гэнэ. Би ямар нэг ярилцлага өгөхгүй. Хоёулаа зүгээр л ярилцана, чи тэгээд ойлгосноо бич. Манайх баримт нотолгоо үзүүлэх боломжгүй. Та нар өөрсдөө сайн судлаад баримтаа ол” гэх зэргээр баттай баримт мэдээлэл өгсөнгүй.
Хэрэв ШӨХТГ-аас үнэхээр асуудалтай, хууль зөрчсөн байгууллагад хуулийн дагуу торгууль ногдуулсан бол түүнийгээ олон нийтийн хэрэгслээр мэдээлчихэж яагаад болдоггүй юм бэ?
Гол баримт гаргаж өгөх хуулийн этгээдээс ийм хариулт авсан сэтгүүлч өөр хэнд хандах вэ? ШӨХТГ үүргийнхээ дагуу сэтгүүлчдэд үнэн зөв баримттай мэдээлэл өгөхгүй байна.
Мөн энэ байгууллагын албан тушаалтнууд яагаад хуулийн дагуу шалгасан, торгосон үйл ажиллагаагаа үнэн зөвөөр нь мэдээлж чадахгүй сэтгүүлчдээс айх болов!. Дээрээсээ ямар нэгэн шахалт, нөлөө байна уу? Хэрэв үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байгаа бол олон нийтэд тухай бүрд нь мэдээлээд байж болмоор санагдана.
Түүнчлэн авах ёстой арга хэмжээгээ аваад хуулийн дагуу ажиллах гэхээр их асуудалтай байдаг. Хуулийн орчин нь бүрдээгүй, хууль нь хумигдмал, аливаа хэргийг шийдвэрлэхэд гаргалгаа муутай байдгийг ч ярилцаж суухдаа хэлсэн болно. Үнэхээр манай улсад өнөөдөр шударга өрсөлдөөн хэрэгтэй байгаа шигээ энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа хууль эрх зүйн орчинг нь хүчирхэг болгоод өгвөл өнөөдөр шиг сэтгүүлчдээс айж суухгүй болов уу. Мөн гаргасан шийдвэрүүд нь бүгд биеллээ олдог, сэтгүүлч, иргэд нь мэдэх эрхийнхээ дагуу мэдээллээ цензургүй, хаалтгүй авдаг болох байх гэж харж байна.
Нийтэлсэн:М.Март
Эх сурвалж: FACT.MN
Сэтгэгдэл байхгүй байна.