Хуурамч хаягийг хааж, хуулийн дагуу арга хэмжээ авна
Сонгууль дөхөх тусам нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг Пи-Ар хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээх иргэдийн тоо нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас онцолсон юм. Тиймээс тус газар Фэйсбүүк компанийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ хийж, илт гэмт хэргийн шинжтэй болон улс төрийн зорилготой мэдээ, мэдээлэл түгээсэн хаягийг блоклох эрхтэй болсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Иш баримттай, баталгаатай бус, дам сонссон мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацах нь бусдын нэр хүндэд халдаж байгаа эрүүгийн гэмт хэрэг. Сонгууль ойртсон энэ үед аль нэг нэр дэвшигч, намтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахдаа гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй тавих нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болно. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирвэл шалгаж тогтоох болно. Цагдаагийн байгууллага Фэйсбүүкийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ хийсэн учраас хуурамч хаягийг блоклох эрхтэй болсон. Тухайн хэрэглэгч өөрийнх нь нэр дээр өөр хаяг нээсэн болохыг мэдсэн бол Фэйсбүүкийн төв захиргаа руу захидал бичээд цагдаагийн байгууллагад хандаж болно” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.