Н.ТӨГСЦОГТ VS КЛАУДИО МАРРЕЙРО
Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорхой болсон ч тулаан яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Түүний өрсөлдөгч нь 29 настай, Доминиканы боксчин Клаудио Маррейро юм. WBC холбооны чансаагаар дөрөвдүгээрт жагсаж буй Маррейро 25 тулаан хийхдээ 23-т нь ялсан байна.
AIBA-гийн шинэ тэргүүн тодорлоо, гэхдээ...
Олон улсын сонирхогчдын боксын холбооны чуулган ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ үеэр тус холбооны шинэ тэргүүнийг сонгох санал хураалт болсон юм. Ерөнхийлөгчөөр түр ажиллаж байсан Узбекистаны Гафур Рахимов болон түүний цор ганц өрсөлдөгч, дэд тэргүүн, Азийн боксын холбооны ерөнхийлөгч Казахстаны Серик Конакбайев нар өрсөлдөв. Хэдийгээр Гафур Рахимовыг сонгогдвол сонирхогчдын боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ авах аюулд ороод байсан ч AIBA-гийн удирдах зөвлөлийн гишүүд олон улсын олимпийн хорооны сануулгыг тоосонгүй. Улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Рахимов 134 саналаас 86-г нь авснаар шинэ тэргүүнээр тодорлоо. Цагтаа боксчин, дасгалжуулагч байсан Рахимов 1995 оноос өнөөг хүртэл AIBA-д дээд албан тушаал хашиж буй нэгэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тэргүүнээр түр ажиллаж байсан түүнийг АНУ-ын Сангийн яам мөнгө угаасан хэрэгт буруутгаж, хар жагсаалтад оруулсан билээ. Харин узбек эр өөрийгөө буруугүй гэж үздэг, нэрээ цэвэрлэхээр шүүхэд хандаад байгаа юм. Тэгвэл Рахимовыг сонгохгүй байхыг уриалж, боксын төрлийн олимпийн хөтөлбөрөөс хасна гэж анхааруулсан ОУОХ-ны AIBA-д ямар арга хэмжээ авахыг хараад суух үлдэв. Энэ сарын 30-нд холбооны удирдах зөвлөлийн гишүүд Токио хотод хуралдана. Энэ үеэр хэлэлцэх гол асуудал нь Рахимов тэргүүтэй сонирхогчдын боксын ирээдүйн талаар байх болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Улаан-Үдэд эмэгтэйчүүдийн, Сочид эрэгтэйчүүдийн ДАШТ болно
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. Ирэх жилийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг ОХУ-ын Сочи хотод зохион байгуулахаар тохиролцсон. Тэгвэл эмэгтэйчүүд Буриадын нийслэл Улаан-Үд хотод тулалдахаар боллоо. ДАШТ-ийг ирэх оны аравдугаар сард зохион байгуулах бөгөөд 3500 хүний суудалтай спортын ордонд болох аж. ОХУ-ын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев "Бид их баяртай байна. Буриад улс тэмцээнийг хамгийн дээд төвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа. Эрэгтэйчүүдийн ДАШТ ч ОХУ-д зохион байгуулах болно. Энэ эрхийг авах тун хэцүү байлаа. Гэвч AIBA бидэнд итгэл хүлээлгэсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Олон улсын допингийн эсрэг төвөөс ОХУ-ын шигшээ багийн эсрэг хоригийг цуцалснаас хойш тус улсад спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан хоёр дахь тэмцээн нь энэ юм. Өмнө нь 2020 оны хүндийг өргөлтийн Европын АШТ-ийг Москва хотод зохион байгуулахаар болсон билээ. Дашрамд сонирхуулахад, эмэгтэйчүүдийн боксын ДАШТ энэ сарын 15-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлнэ.
Жингийн өөрчлөлт
Узбекстаны иргэн Рахимовыг AIBA ерөнхийлөгчөөрөө сонговол боксын төрлийг олимпийн хөтөлбөрөөс хасна гэж Олон улсын олимпийн хороо сануулсан. Гэхдээ энэ нь 2020 он бус 2024 оны олимпоос хасч магадгүй бололтой. Тэгвэл 2020 оны олимпийн боксын тэмцээний жинд өөрчлөлт оржээ. Уг олимпод эрэгтэйчүүд 52, 57, 63, 69, 75, 81, -91, +91 гэсэн найман жинд өрсөлдөнө. Шинэ жингийн өөрчлөлтөөр гавьяат тамирчин Д.Отгондалайгийн хүрэл медаль хүртсэн 60 кг-ын жинг хассан байна. Тэгвэл эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг гэсэн таван жинд олимпод оролцох боломжтой болох ажээ.
Үндэсний шуудан
Сэтгэгдэл байхгүй байна.