Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо
Уулзалтын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон арван монгол залуус сайн боловсрол эзэмшиж байгаад талархаж буйгаа дурдаад "Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай "Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрын сургалтад сургах Чевнингийн тэтгэлгийг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог бөгөөд тухайн жилд суралцах оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлдог. Энэ хүрээнд 2014 онд 7, 2015 онд 13, 2016 онд 13, 2017 онд 12, 2018 онд 15 оюутан тус магистрын тэтгэлэгт хамрагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрлээ.
Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнтэй байж Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн гурван сургууль зорилгоо бүрэн хангасан. Тус сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгааг хоёр тал харилцан санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлбэл цөөн тооны биш бүх сургуулиудад тус хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл байхгүй байна.