С.Марал: Авьяаслаг Монголчууд шоугаар оюуны спортыг таниулах зорилгоо биелүүлсэн

1
 С.Марал: Авьяаслаг Монголчууд шоугаар оюуны спортыг таниулах зорилгоо биелүүлсэн

"Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ой тогтоолтын олон улсын мастер С.Марал удахгүй болох ДАШТ-ийхээ бэлтгэлд гарчээ. Түүнийг "Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар шатанд шилдэг гурван оролцогчийн нэгээр шалгараад шүүгчдийн саналаар хасагдахад, цахим ертөнц шүүгчдийг буруутгаж, шүүмжилсэн постоор дүүрч "Харамсалтай байна. С.Марал үлдэх ёстой байсан юм. Хэдхэн хоногийн дараа дэлхий түүнийг хүлээн зөвшөөрнө" гэх үгс хөвөрч байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх.

Тиймээс бид түүнтэй уулзаж, бэлтгэлийнх нь талаар болон оюуны спорттой анх яаж холбогдсон талаар нь сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

-Авьяаслаг монголчууд шоунд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Авьяаслаг монголчууд шоунд оролцсоноороо надад маш том боломж нээгдсэн. Миний хувьд тус шоунд оролцож, оюуны спорт гэж яг спорт байдаг юм бэ гэдгийг монголчууддаа ойлгуулж, таниулах зорилготой байсан. Хийх ёстойгоо амжилттай сайн хийсэн гэж бодож байгаа.

-Удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа юм байна. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Дэлхийн аварга маань ирэх арванхоёрдугаар сарын 20-22-ны хооронд Хонгконгд болно. Дэлхийн аваргад зөвхөн оюуны спортод амьдралаа зориулсан улс бүрийн шилдэг тамирчид ирдэг. Тэр мундаг хүмүүстэй өрсөлдөхөөр хувийн бэлтгэлдээ гарчихсан байна. Удахгүй дэлхийн аваргад явах багаараа бэлтгэлд гарна.

-Бусад улсын тамирчид зөвхөн оюуны спортод амьдралаа зориулдаг гэлээ. Манай улсын тамирчдад тийм боломж бий юу?

-Манай улсын оюуны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байдаг. Тийм учраас хичээл сургуулийнхаа хажуугаар гарч байгаа багахан заваараа л бэлтгэлээ хийхийг хичээдэг. Яг бусад улсын тамирчид шиг өглөөнөөс орой хүртэл тасралтгүй эрчимтэй бэлтгэл хийх боломж тэмцээний өмнөх 10-14 хоногт л олддог.

-Өнгөрсөн жил дэлхийн аваргад оролцсон Монголын тамирчид тэргүүн байр эзэлсэн. Тэгэхээр энэ жил оролцож байгаа баг тамирчдаас болон С.Маралаас илүү их амжилтыг хүлээж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Би "Авьяаслаг Монголчууд” шоунаас хасагдахынхаа өмнө "Удахгүй болох дэлхийн аваргаараа сайхан мэдээ дуулгах болно” гэж амласан. Тиймээс хэлсэндээ хүрч амлалтаа биелүүлэхийн тулд хувийн бэлтгэлдээ гарчихсан байгаа. Удахгүй багийн бэлтгэлдээ гарна. Өнгөрсөн жилийн тэргүүн байр эзэлсэн бүрэлдэхүүн дээр нэлээд олон хүн нэмэгдсэн. Тэр утгаараа илүү их амжилт гаргах боломжтой гэж бодож байна.

-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн улсын баг тамирчид оролцох талаар мэдээлэл авсан уу. Аль улсын баг, тамирчдыг хамгийн хэцүү өрсөлдөгчөөрөө нэрлэх вэ?

-Бидэнтэй энэ тэнцүү өрсөлддөг тамирчид гэвэл Хятад, Герман хоёр улсын тамирчид байдаг. Тэдний биднээс ялгарах давуу тал нь өглөөнөөс орой хүртэл ажлаа хийж байгаа юм шиг тасралтгүй бэлддэгт байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бүхий л амьдралаа зөвхөн бэлтгэл сургуулилтад зориулсан байдаг. Харин бид эсрэгээрээ хичээл сургуулийнхаа хажуугаар гарч байгаа багахан заваараа л бэлтгэлээ хийдэг. Гэхдээ бид тэдний хувьд хамгийн хэцүү өрсөлдөгч нь байж чаддаг.

-Хэзээнээс оюуны спортоор хичээллэж эхэлсэн бэ. Анх хэн энэ спортод хөтлөв?

-Анх жил гарангийн өмнө сурталчилгаанаас энэ спортын тухай мэдээллийг сонсож байсан. Тэгээд сонирхоод оюун ухааны академид явж эхэлсэн.

-Өнгөрсөн жил дэлхийн аварга болж байсан гэж сонсоод их багаасаа хичээллэсэн байх гэж бодож байлаа?

-Оюуны спортоор хичээллэж эхэлсэнээсээ хойш 3 сарын дараа дэлхийн аваргад оролцож багаараа тэргүүн байр эзэлсэн. Тамирчны амжилт хэр байх нь өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь тухайн хүн өөрөө хэр сонирхолтой, хичээл зүтгэлтэй байна түүнээсээ шалтгаалж амжилт нь өсч байдаг.

-Чиний бодлоор оюуны спорт сурахад хэр хүнд спорт вэ?

-Ер нь амархан спорт гэж байхгүй. Гэхдээ оюуны спорт нь олон цаг суудаг бас маш их анхаарал шаардсан спорт учраас маш их хүч хөдөлмөр,тэсвэр тэвчээр шаарддаг спорт гэж боддог.

-Оюуны спорт С.Маралын амьдралд яг ямар өөрчлөлтүүдийг авч ирсэн гэж бодож байна вэ?

-Маш олон өөрчлөлтүүдийг авч ирсэн. Наад зах нь ЕБС-ийн сургуулийнхаа хичээлийг хийхээс эхлээд амьдралд шаардагдах бүхий л чадваруудыг надад өгсөн. Хамгийн чухал нь энэ спорт надад зорилгоо томоор харж, дэлхийд өрсөлдөх боломж олгосон.

 -Хичээлийн тухайд, үг цээжлэх, багшид асуугдах энэ тэр бол ямар ч асуудалгүй болсон байх?

-Үг цээжлэхэд бол ямар ч асуудал байдаггүй. Шаардлагатай зүйлсийг маш хурдан цээжлээд асуугдчихдаг болсон. Ер нь бүх хичээл дээр их бага хэмжээгээр хэрэг болж, ач тусаа өгч байгаа.

-С.Марал оюуны спортоор хичээллэж эхэлснээр ангийнханд нь бас үр ашигаа өгч байгаа байх. Ангийнхандаа хэр тусалж байна?

-Чадах чинээгээр ангийнхандаа туслахыг хичээдэг. Цээжлэх ёстой даалгавраа цээжилж чадахгүй байгаа хүүхдүүд дээрээ очоод өөрийнхөө арга барилаар хэлж, тайлбарлаад хялбархан цээжлүүлчихдэг.

-Яг одоо С.Маралаагийн ярилцлагыг уншиж байгаа, оюуны спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд олон байгаа байх. Эдгээр хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Эхний ээлжид Монголын Оюун ухааны академийн ой тогтоолтын Super memory 1, 2, 3 гэсэн  3 үе  шаттай сургалтад суух шаардлагатай. Хэрэв өөрсдөө хичээгээд уйгагүй хөдөлмөрлөж, амжилттай сурч чадвал амжилт их ойрхон байгаагаа гэдгийг итгэлтэй хэлж чадахаар байна. 

-Ярилцсанд баярлалаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье. 

-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Амласан амлалтдаа хүрч амжилт гаргахыг хичээх болно. Мөн намайг үргэлж тусалж, дэмжиж байдаг сургуулийн болон Оюун ухааны академийн багш нартаа чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье. 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

MUndag ohin bn Amjilt huseye Ginnest bichigdeh heregtei shuu Ene oyun uhaanii akademi haana bdag yum bol hen gej bagsh hicheelluuldeg yum bol yamar unetei bdg yum be huuhdee yavuulah yumsan