Батлан хамгаалах, ЗХЖШ-ын дарга нарын "хуудуутай" үйлдлүүдийн нэгэн жишээ
Саяхан өнгөрөгч намар Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээлэлд Иргэний нисэхийн Ерөнхий газрынхан тус газрын зардлаар өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийг гадаадад суралцуулдаг.
Суралцуулахдаа иргэний нисэхээс өөр мэргэжлээр сургах, сургалтын төлбөрөө тус газраар төлүүлсэн тухай мэдээлсэн.
Тэгвэл нийгмийн бусад салбарыг бодвол гадаад харилцаа хамгийн сайн хөгжсөнөөрөө гайхуулах дуртай батлан хамгаалах салбарт иргэний нисэхийн ижил эрхтэн дархтанууд нь өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээ гадаадын цэргийн академи, сургуульд сонгон шалгаруулалтгүй явуулдаг, сонгон шалгаруулалт явуулсан ч эрх мэдлээрээ нөлөөлдөг байна.
Хошууч генерал С.Баасанхүү 1998-2006 онд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү Б.Сүмбэрийг БНХАУ-ын Ляонин хотод Цэргийн гадаад хэлний сургуульд явуулсан. Явуулах явуулахдаа бүр цэргийн цол олгох журмыг зөрчиж офицерын цол олгож явуулсан гэдгийг БХЯ-ныхан ярьдаг.
Мөн сансрын нисэгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа өөрийн хүү энгийн сургуулийн оюутан Г.Одбаярыгаа 2002 онд Япон Улсын Үндэсний батлан хамгаалахын академид, 2002-2009 онд ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Тогоо өөрийн хүү Т.Галбадрахыг Английн Кэмбэрлэй хотын Хуурай замын цэргийн Команд-штабын коллежид, БХЯ-ны БХЗГ-ын дарга Х.Батсайхан охиноо, БХИС-ийн БХУА-ийн захирал бригадын генерал Наран-Очир хүүгээ, БХЯ-ны газрын дарга асан хурандаа Коля мөн охиноо, Хошууч генерал Улаанхүү Агаарын цэргийн командлагчаар ажиллаж байхдаа өөрийн хүү Ундрахыг Японы Үндэсний батлан хамгаалах академид суралцуулсан. Коля охидоо ОХУ, БНХАУ руу тус тус гадаад хэлний сургууль руу явуулсан.
ОХУ руу цэргийн сургууль руу мөн л дарга нар нь хүүхдүүдээ явуулсан байдаг юм билээ. ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар хүүгээ тус улсын Суворовын сургууль, улмаар Рязанийн агаарын десантын дээд сургууль руу тус тус явуулцгаасан. генерал Ж.Бадамбазар хүүхдээ сургууль төгсөөд ирэнгүүт нь шууд ахлах дэслэгч цол олгосон нь эрх мэдлээ хэтрүүлж давуу байдал олгосон гэдгийг БХЯ-ныхан ярьдаг.
Офицер болох гэж ихэнх нь хөдөлмөр зүтгэл гаргаж авдаг бол эрх мэдэлтэнгүүдэд алга урвуулах төдий л болжээ. Өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны дарга Б.Энх-Амгалангийн хүү Энхтүвшин ОХУ-д Кадетийн корпус буюу цэргийн дунд сургууль төгсөж ирээд шууд офицер болчихсон явж байх юм. Хаана байна нөгөө хууль журам?! Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс илүүтэй БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр нөлөөлсөн байх. Ингэж хардахын учир нь У.Хүрэлсүх, Б.Энх-Амгалан, Г.Сайханбаяр ЦНДС-ийн нэг курсийн андууд.
ОХУ-ын цэргийн академи дээд сургуулиудын одоо суралцаж буй болон төгсөөд ирэгсдийн ихэнх нь БХЯ, ЗХЖШ-ын хурган дарга хурандаа нарын хүүхдүүд байдаг нь нууц биш.
ЗХЖШ-ын Ар талын газрын дарга бригадын генерал М.Эрдэнэдалай хүү Э.Тэмүүжингээ Япон улсын Үндэсний батлан хамгаалах академид суралцуулахаар 2017 онд явуулсан. Тэрбээр 2018 онд АНУ-ын Номхон далайн цэргийн командлалаас Японд зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын Ар талын дарга нарын хуралд оролцохдоо хурлын ажиллагааны дундуур гарч Үндэсний батлан хамгаалах академи руу очиж хүүтэйгээ болон академийнх нь захиралтай уулзсан байна. Түүний энэ байдалд АНУ-ын тал их эгдүүцэж гайхаж зэвүүцсэн гэх яриа бий...
Манай улсад суугаа Японы ЭСЯ-ны ажилтан нэг удаа БХЯ-ны нэг даргаас "Танайх энэ хэдэн дарга нарынхаа л хүүхдүүдийг манай руу явуулах юм. Сонгон шалгаруулалтаа яаж хийхээрээ ийм байдаг байна?” гэж ихэд гайхаж асуусан гэдэг...
Хамгийн сүүлд гэхэд гадаадын цэргийн академи сургуулийн элсэгчдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир өөрийн хүү Б-г энэ жил ОХУ-ын БХЯ-ны Цэргийн их сургуулийн Ажиллагааны сэтгэлзүйч мэргэжлээр суралцуулахаар явуулсан. Алтны дэргэд гууль шарлахын үлгэрээр тус яамны Стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Самдангэлэг бас хүүгээ ОХУ-ын цэргийн их сургуульд явуулсан гэх мэдээлэл байна.
Цаашаа бичээд байвал нилээд олон генерал хурандаа нарын нэр гарна.
Ер нь тус салбарт ирсэн гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагсдын дийлэнх нь БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн эрхтэн дархтангуудын үр хүүхдүүд байдаг нь нууц биш. Төгсөж ирээд хөдөө бус хотод аль ашигтай цалин өндөртэй ажил албанд томилогддог.
Төгсөж ирээд ч ажил хийдэггүй. Ирсэн жилийнхээ намар нь Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төв болон зарим ангиудад явагддаг англи хэлний сургалтанд явж цалингаа бүтэн аваад суралцдаг.Түүнийгээ төгсөөд гадаад руу англи хэл дээрх сургалт дамжаанд явж улмаар НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч, штабын офицероор явж ахуй амьдрал албан тушаалаа дээшлүүлдэг гэдгийг Батлан хамгаалах салбарынхан ярьсаар байгаа.
Гэтэл эгэл жирийн ард түмний үр хүүхдүүд баталгаат цалинтайг нь бодож төрийн албанд тэр дундаа цэргийн байгууллагад ажиллуулах гэхээр болж өгдөггүй, болсон ч хөдөө цөлөгдөж зэвэрч байгаа нь шударга уу?
Яагаад заавал Япон руу дарга нарын хүүхдүүд явдаг вэ гэвэл тэдгээр оронд өгдөг тэтгэлэг нь өндөр сарын байр хоол орохгүйгээр 1000 доллар байдаг. Мөн төгсөж ирээд зах зээлд хөрвөх боломжтой олон улсын харилцаа, компьютерийн инженер зэрэг мэргэжлээр сургадаг учраас тэр. Түрүүчээсээ төгсөгчид нь цэргээс халагдсан. Тухайлбал генерал Наран-Очирын хүү халагдсан. Мөн генерал С.Баасанхүүгийн хүү төгсөж ирээд ажиллаж байгаад хамгийн Бээжин дэх ЭСЯ-нд ажиллачихаад халагдсан.
БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын үе үеийн дарга нар сонгон шалгаруулалтыг явуулахдаа хууль зөрчиж ирсэн. Зориуд нэг хуваарь дээр нэг хүнийг тухайн орны ЭСЯ-ны ярилцлаганд оруулж явахаас аргагүй байдалд хүргэдэг.
Сонгон шалгаруулалт нь ил тод бус болдог нь хуйвалдааны шинжтэй явагддаг гэсэн хардлага төрүүлж байна. Японд 1999 онд анх явагсдын дийлэнх нь төгсөж ирэнгүүтээ халагдсан.Тэдний нэг Эрдэнэхатан гэгч нь сурч байхдаа таксины жолоочдоо төлбөрөө төлөлгүй зугтахыг оролдсон явдал гарсан.
Өөрийнхөө зардлаар БХИС-ийн энгийн ангид суралцан улмаар цэргийн ангид үргэлжлүүлэн төгсөгчид, мөн их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөгчдийг халагдах болохоор нь сургалтын зардал гэж төлүүлдэг. Гэтэл гадаад дотоодод татвар төлөгчдийн мөнгөөр суралцан ирсэн зарим этгээдүүдийг ар гэрийн гачигдал нэрийн дор нэг ч төгрөг төлүүлэлгүйгээр өөрийнх нь хүслээр халж байгаа нь хэр шудрага явдал вэ? 2014 онд БНСУ-ын Цэргийн сургууль төгссөн Баатарцогт гэгчийг дөнгөж 3-хан сар ажиллуулаад ар гэрийн гачигдал гэсэн шалтагаар төлбөр төлүүлэлгүй халсан нь ариун явдал уу?
Эрх мэдлээ урвуулан ашигласан этгээдүүдэд хуулийн бус юм аа гэхэд ёс зүйн хариуцлага тооцож ажиллах цаг болсон гэдгийг зөвхөн дээрх жишээнүүд баталж байна!!!
http://dorgio.mn/p/97387
Сэтгэгдэл байхгүй байна.