Дархлаажуулалтын талаарх буруу ойлголтууд
1. Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг сайн сахидаг байхад өвчнүүд алга болно, вакцин хийлгэх шаардлагагүй. БУРУУ
Дархлаажуулалтанд хамрагдахаа боливол дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн дүрмийг баримтлах, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх зэрэг нь олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг боловч бидий ариун цэврээ хир сахихаас үл хамааран халдварт саа (полиомиелит), улаанбурхан зэрэг өвчнүүд дахин дэгдэх болно.
2. Вакцинууд бидний мэдэхгүй олон төрлийн хортой бөгөөд урт хугацааны гаж нөлөөтэй байдаг. Бүр үхэлд ч хүргэж болзошгүй. БУРУУ
Вакцинууд аюулгүй. Ихэнх тохиолдолд вакцин хийлгэсний дараа хэсэг газарт хөндүүрлэх эсвэл халуурах гэх мэт бага зэргийн зовиур хэсэг хугацаанд мэдрэгддэг. Ноцтой гаж нөлөө илрэх явдал нь маш цөөн тохиолддог ба тохиолдол бүрийг бүртгэж, шалгаж судалдаг. Вакцины уршгаар гэхээсээ илүү вакцинжуулалт бүхий халдварт өвчнөөр өвчилж ноцтой үр дагавар гарах эрсдэл өндөр байдаг. Жишээ нь: халдварт саа өвчин саажилт үүсгэдэг, улаанбурхан өвчин энцефалит үүсгэдэг, мөн зарим вакцинжуулалт бүхий халдварт өвчнүүд үхэлд ч хүргэж болзошгүй.
3. Сахуу-татран-хөхүүл ханиадын эсрэг болон халдварт сааагийн эсрэг вакцинууд нярайн гэнэтийн үхэлд хүргэдэг. БУРУУ
Вакцин болон нярайн гэнэтийн үхлийн хам шинжийн (SIDS – Sudden infant death syndrome)хооронд учир шалтгааны ямар ч холбоо байхгүй, харин эдгээр вакциныг нярайн гэнэтийн үхэл тохиолдож болзошгүй тэр үед тарьдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хам шинжийн улмаас тохиолддог нас баралт нь вакцин тарьдаг үетэй давхцдаг ба вакцин хийлгээгүй байсан ч тохиолдох байсан.
4. Дархлаажуулалт бүхий зарим халдварт өвчнүүд манай улсад бараг устсан тул вакцин хийлгэх шаардлага байхгүй. БУРУУ
Вакцинжуулалт хийснээр урьдчилан сэргийлж болдог зарим залдварт өвчнүүд олон оронд ховор тохиолдох болсон хэдий ч өвчин үүсгэгч бичил биетнүүд дэлхийн зарим хэсэгт амьдарсаар байна. Иймд эдгээр үүсгэгчид газарзүйн байрлалаа өөрчилж дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн болгонд халдварлах боломжтой юм. Жишээ нь: 2005 оноос хойш Баруун Европын Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Испани, Швейцар болон Их Британи улсуудад дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн амын дунд улаанбурхны дэгдэлтүүд гарч байсан. Ийм учраас вакцин хийлгэх гол хоёр шалтгаан бол өөрийгөө хамгаалах, эргэн тойрны хүмүүсээ хамгаалах юм.
5. Дархлаажуулалт бүхий бага насандаа өвддөг өвчнүүд бол хүн бүрт тохиолддог зүйл. БУРУУ
Вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүд хүн бүрт тохиолддог байх ёсгүй. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварт өвчнүүдийн үр дагавар хүүхэд, нас хүрэгчдэд аль алинд маш аюултай ба уушгины хатгаа, энцефалит, хараагүй болох, чихний үрэвсэл бүр нас баралтанд ч хүргэж болзошгүй. Энэ бүх өвчин эмгэгээс вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой. Вакцин хийлгээгүй хүүхдүүд халдварт өвчин өртөмхий байдаг.
6. Хүүхдэд нэгээс илүү вакциныг нэг дор хийхэд хортой гаж нөлөө илрэх эрсдэлийг нэмэгдүүлж дархлааны системд хэт их ачаалал болдог. БУРУУ
Нэг дор олон вакцин хийх нь хүүхдийн дархлааны системд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийн дархлааны систем өдөр бүр хэдэн зуун гадны биеттэй тэмцэж ажиллаж байдаг. Хоол идэхэд хүртэл хүний биед гадны антигенүүд нэвтэрдэг ба хүний ам, хамарын хөндийд олон төрлийн бактери амьдардаг. Хүүхэд ханиад, ангина тусах үед вакцин тариулахаас илүү их гадны антигены өртөлтөнд ордог. Гуравт, тавт вакцин нь олон өвчнөөс нэгэн зэрэг сэргийлдэг вакцин ба ингэснээр эмнэлэгт очих давтамж багасч цаг болон мөнгө хэмнэгдэх ба товлолт вакциныг цаг тухайд нь хийлгэх магадлалыг нэмэгдүүлж, хүүхдийг олон удаагийн хатгалтааас чөлөөлж байгаа юм.
7. Томуу бол энгийн нэгэн өвчин, томуугийн вакцин үр дүн багатай. БУРУУ
Томуу бол энгийн нэгэн өвчнөөс илүү аюултай ба дэлхий дээр жил бүр 300-500 мянган хүн томуугийн улмаас нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, бие сул настай хүмүүс, астма эсвэл зүрхний өвчин гэх мэт суурь өвчтэй хүмүүс хүнд халдвар авч нас барах эрсдэлтэй байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалт хийлгэх бас нэгэн шалтгаан бол дөнгөж төрсөн хүүхдээ хамгаалах явдал юм (одоогийн байдлаар 6 хүртэлх сартай хүүхдэд хийдэг томуугийн вакцин байхгүй). Ихэнх томуугийн вакцинууд тухайн улиралд дэгдэж байгаа хамгийн нийтлэг 3 вирүсийн эсрэг дархлааг тогтоодог. Вакцинжуулалт нь томуугийн хүнд хэлбэрээр өвчлөх, бусдад халдаах эрсдлийг бууруулах хамгийн сайн арга юм. Томуугаас урьдчилан сэргийлснээр эм тарианд мөнгө зарахгүй, хичээл ажлаасаа завсардахгүй байх боломжтой.
8. Вакцин хийлгэж байснаас тухайн өвчнөөр өвчилж дархлаа тогтоосон нь дээр байдаг. БУРУУ
Вакцин хүний биед орсноор жинхэнэ өвчний үед үүсэх дархлааны хариу урвалтай ижил хариу урвалыг үүсгэж байдаг ч энэ үед хүн өвчлөхгүй, дархлаажуулалтанд хамрагдсан хүнд тухайн өвчний үед гарч болох байсан ямар нэгэн эрсдэл учрахгүй. Харин вакцин хийлгэхийн оронд жинхэнэ өвчнөөр нь өвдвөл хемофилюс инфлюензагийн вирүсээр үүсгэгддэг оюуны хомсдолтой болох, улаанууд өвчний төрөлхийн гажигтай болох, хепатит В-ийн улмаас элэгний хавдартай болох эсвэл улаанбурхан өвчнөөр нас барах магадлалтай байдаг.
9. Вакцин дотор хүний биед хортой мөнгөн ус агуулагдаж байдаг. БУРУУ
Тиомерсал нь вакцины хадгалах хугацааг уртасгахын тулд хэрэглэдэг мөнгөн усны агууламжтай органик нэгдэл юм. Вакцинд хэрэглэгддэг хэмжээний тиомерсалийн агууламж хүний биед сөрөг нөлөөтэй талаар ямар нэгэн судалгаа байхгүй.
10. Вакцин хүүхдийг аутизмтай болгодог. БУРУУ
1998 онд хийгдсэн нэгэн судалгаанд улаанбурхан-гахайн хавдар-улаануудын эсрэг вакцин ба аутимз нь хоорондоо хамааралтай байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн байсан ч сүүлд тэрхүү судалгаа хуурамч болох нь тогтоогдож байсан. Судалгааны дүнг нийтэлсэн сэтгүүл нийтлэлийг татан буулгасан боловч харамсалтай нь хүн ам айдаст автсан байсан. Үүний дүнд дархлаажуулалтын хамралт буурч өвчний дэгдэлт дахин гарч байжээ. Аутизм ба УГУ вакцины хоорондын хамаарлыг баталсан судалгаа одоогоор байхгүй.
Эх сурвалж:НЭМҮТ
Сэтгэгдэл байхгүй байна.