Хүрээний булайг дэлгэвэл гэдэг шиг... Онцлох мэдээ 2018/12/05 1 Монгол киноны дэлгэцнээ нэг ийм яриа болдог доо. -Энэ хүрээний бузар булайг дэлгэвэл мөн ч их юм бий дээ гэсэн шантааж байрын үг хөвөрдөг. Үүн шигээр Улсын Их хурал, энэ Засгийн газрын гишүүд, сайд нарын булхайтай бүхнийг нэг цэгт хураадаг юм бол уул овоо шиг л болох янзтайв шүү. Энэ бодол яагаад төрсөн бэ гэвэл сая У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх тэр өдөр төрийн түшээ эрхмүүдийн бие биенийхээ алив үйлдэл, нуусан хаасан алдаа дутагдлыг илчлэн хэлж, харааж зүхэхийг сонссон халаглалаас үүдэлтэй. Тэдний нэг нэгнээ чичилж хэл амаар доромжилж байгаа нь нэг л юмны төгсгөл рүү дөхөж байгаа мэт санагдах. Ер нь тийм айхтар сүрхий хуваагдал талцал бий болсон нь сайны ёр биш л дээ. Чи идсэн уусан л гэнэ. Тэгээд хулгайч луйварчингаар нь дуудаж байх юм. Уг нь Монголын ард түмэн жинхэнэ шилдэг улстөрчдөө сонгоод төрийн өндөр суудалд залсан хэмээн бодогддог. Гэтэл дээрх гудамжны үгээр дайралцахыг нь сонсохоор бид юу хийчихэв ээ гэдэг шиг л бодол төрнө. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хэлснээр "Манайхан бие биенийхээ муу муухайг яасан ч сүрхий мэддэг юм” гэсэн шигээр бүхнийг мэддэг юм байна л даа. Даанч нуудаг болохоос биш. Тэр нь өөрийг нь чиглэсэн шүүмжлэл хэлэхтэй зэрэг л "зад тавьдаг” бололтой юм. Яг сампиндаад байх юм бол бузар булай юманд орооцолдоогүй нь энэ дээдчүүлд цөөн л бололтойдог. Монгол төр М.Энхболд, Т.Бадамжунай нарын оролцоотойгоор Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн шударга бусын хонгилд орсон. Тавантолгойн нүүрсний уурхайгаас 240 гаруй тонн нүүрс хулгайд алдагдсан. Энэ хулгайн эзэн энэ Их хуралд бий байх.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйвардсан хэрэг замхарсаар байна. УИХ дахь 64 гишүүнтэй бүдүүн бүлгийг хагаласан хүн нь Д.Хаянхярваа биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө л гэнэ. Үүн дээр нэрмээс болгоод АН-ын дарга С.Эрдэнэ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх шоудаж мөнгийг шуудай шуудайгаар нь цацаж өөрийгөө магтуулж байна. УИХ-ын гишүүдэд яасан дээрэнгүй ханддаг юм” гэж загнаж байна лээ. Бас Д.Эрдэнэбат төрийг түшэх ухаан байхгүй бол төрөөс зайлцгаая. Энэ танхимд хэн нэгнийг доромжилж, гүтгэн гутааж байгааг хараад нүд хорсож байна. Их хурал тарвал би хамгийн түрүүнд явна гэж омогдов доо. Ийм л их хэрүүл УИХ-ын танхмыг хагалах шахав. Их ч цаг зарцуулав. Засгийн газрыг огцруулах гэсэн гол шалтгаан юу байсан бэ гэвэл нөгөө ЖДҮ-ийн сангийн зээлийг хуйвалдаж авсан луйвар хулгайн чанартай хэрэг л дээ. Хууль дүрэм гэж зөвхөн хэлнийхээ үзүүрт хэлж худлаа бүлтэрдэг улстөрчид, сайд нар энэ хэрэгт хамаатай болсон. УИХ-ын гишүүдээс МАН-ын талынхнаас бараг тал хувь нь тус сангаас зээл авсан гэж үзвэл 380 өрхөд 10, 10 сая төгрөгийнзээл хүртээж тэд гэр орондоо ч юм уу дээл, гутал оёж амьдрал ахуйгаа өөд татах байсан тэр боломжийг хааж боогдуулсан бузар гэж болох хэрэг. Гэтэл зээл авсан нөхөд зээлээ төлчихлөө л гэнэ. Олон түмнээс уучлал гуйлаа л гэнэ. Юу гэсэн үг юм мэдэхгүй. Гэмт хэрэгт холбогдсон хүн уучлал гуйсан бол шийтгэл зэмлэл хүлээдэггүй байж болох юм гэдгийг УИХ-ынхан биеэрээ сурталчилж байгаа үзэгдэл үү. Ерөнхий сайд нь хүртэл "Та нар авсан зээлээ хурдан төл. Тэгээд уучлал гуй” гэж зандарсан нь бас л сонин л доо. Болсон явдлын эргэн тойрныг авч үзэхээр манай улстөрчдийн ёс зүй, зан суртахуун яасан их дор орсон юм бэ гэдэг нь харагдаж байна. "Нүгэл нүдээрээ…” гэсэн цэцэн үг байдаг. Үүний үнэнг харуулсан жишээ ч олон л байлаа. Ардчиллыг аврагчдын нэг гэдгээр нь олон түмэн харж байдаг гишүүн Л.Болд гэж хувийн ашиг сонирхолдоо сүрхий хөтлөгдсөн нөхөр энэ удаа мөн л алдав. Түүний булхайг "Сангийн сайдын ширээн дээр Богд банкинд фонд гаргаж өгнө. Ипотекийн зээлийг дамжуулна гэсэн бичиг байгаа” гэж Ж.Мөнхбатын хэлсэн үг гүтгэлэг биш байсан юм уу даа. Бас Ж.Батзандангийн шударга царайлсан үгсийн цаана заавал нэг юм нуугдаж байдгийг ч харлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дахин давтаж хэлээд байгаа нэг үг бий. Тэр нь нэр нөлөө бүхий хүний гар, хөлөөр хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Энэ бол нийгэмд айдас төрүүлсэн явдал гэж. Тэгвэл тэр нөр, нөлөө бүхий хүн нь нэг биш хүний үгэнд нэр цохогдоод байгаа УИХ-ын дарга М.Энхболд юм уу даа янз нь. Тиймээс түүнд 60 тэрбумын гэсэн хаяг зүүлгээд төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгосон учир УИХ-ын дарга байх эрхгүй гэж байгаа юм гэж байна. Л.Оюун-Эрдэнэ бас МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс гэж хэлнэ лээ. Бас нэгийг хэлэхэд УИХ-ынхан бүрэн эрх гэдгээрээ дэндүү аархдаг гэж болно. Тиймдээ ч юу ч хамаагүй, өөртөө хяналтгүй хандсан үг хэлнэ. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэж эндүүрдэг. Гэхдээ энэ эндүүрлийг л өөгшүүлж байдаг далд санаа УИХ-д бий. Эхээс төрөхдөө албан тушаал, ширээ сандалтайгаа гарч ирсэн мэт санадаг улстөрчид ч байгаа. Ерөөсөө том хүмүүс. Энд сүүлийн үеийн ганцхан жишээ хэлье. УИХ-д Ховдоос сонгогдсон О.Батнасан гэж байгаа байхгүй нь бараг мэдэгддэггүй нөхөр бий. Тэр өөрийн төрсөн дүүгийн компанид зээл авч өгсөн гэж яригдаж байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гүрийж буй юм билээ. Түүнд сурвалжлагч асуулт тавихдаа -Анхнаасаа яах гэж зээл авсан юм бэ. Аваагүй бол таныг яаж ЖДҮ-чин гэж цоллох юм бэ? гэхэд хариуд нь -Чи битгий солиороод байгаарай. Трамп хүртэл зээл авдаг юм гэжээ. Ингэж томрох томрохдоо өөрийгөө дэлхийн хамгийн том гүрний ерөнхийлөгчтэй жишиж боддог байх нь ээ. Нээрээ УИХ-ынхан том юм аа. Жижиг дунд үйлдвэрийн сангаас зохион байгуулалттайгаар зээл авснаар луйварчин гэсэн хоч зүүж нэр, нүүрээ барагсад үнэнд гүйцэгдэв бололтой. Хууль зөрчин зээл авсан гэгдсэн нөхдөөс 5-6 хүн албан тушаалаа өгөөд байна. Энд нуугдаж буй нэг далд утга нь гэмгүй хүн болох гэж арга ядахдаа өөрөө өргөдлөө өгсөн болдог гаж үзэгдэл газар авах янзтай. Өмнө жинхэнэ хэргийн эзэн гэгдэх Б.Батзориг өөрөө л санал гаргасан гэх. Бас Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өргөдлөө өглөө л гэсэн. Бас дэд сайдаас огцорсон Ш.Лхамсүрэн ч огцрохоо өөрөө шийдсэн шиг л ойлголт төрүүлсэн. Бас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын өргөдөл ИТХ-даа очлоо л гэж байсан. Тэгвэл сая ЖДҮ-чин гэдгээрээ айргийн тавд бичигдсэн сайд Я.Содбаатар сая л ухаарсан мэт "Би сайдаасаа бууя, харин шударга бусын төлөө тэмцэнэ гэж тангарагархуу юм хэлээд өргөдөл өгөв гэнэ. Энэ нь түүний хувьд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гээч боллоо. Уг нь анх "Та зээл авчээ” гэхэд "Тийм ээ, би авсан” гэдгээ хэлээд амжсан бол ядаж нэрнийх нь үсэг хэвээр үлдэх байсан байх. Гэтэл тэр би зээл аваагүй, тэр компанийн чинь ажил үйлд эхнэр бид хоёр оролцдоггүй гэж гүрийсэн эхлээд. Тэгээд одоо үнэнд гүйцэгдээд Б.Батзоригийн хойноос "бурантаг хавчуулав” бололтой. Тэр ердөө хоёр сар хүрэхгүй хугацаанд сайдын "сэтэр” зүүх нь дээ. Хамгийн богино хугацаанд сайд байлаа гэгдэж ч магадгүй. Геннисийн номд орох ч юм билүү. Тэгэхээр бас өөртөө бага ч гэсэн "гавьяа” дуудсан хэрэг юмсан уу. Тэгвэл Я.Содбаатарын араас жагсаж байгаа хүн хэн бэ гэвэл ядах юм алга. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат биз. Түүнд өргөдөл яаж бичдгийг Б.Батзориг, Я.Содбаатар нар заагаад өгөх байх. Бас ЖДҮС-гаас зээл авсан, авахад нөлөөлсөн гэх сайдуудын нэр дуулдаад л байгаа. Тэднээс С.Чинзоригоос бусад нь тайлбар хийгээгүйг бодоход жигтэй л санагдаад байгаа. Албан тушаалаа ашиглан зээлийн луйварт хамааралтай нөхдийн тоо ч шалгалтын явцад нэмэгдээд л байна. Тэгэхээр огцролт, одолт ч тасрахгүй л болов уу. Харин өргөдлөө бичээгүй огцрогч хэд байх бол гэдэг бас сонин. Нөгөө талд Ардчилсан намынхан намынхаа бодлогын эсрэг зогссон нөхдөдөө хариуцлага тооцоод үлгэр үзүүллээ. Уг нь МАН-ынхан л үүнийг эхлэх стой байсан юм. Засгийн газар огцроогүй үлдэж чадсан болохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрэхэд цаг алдах эрхгүй гэж олон түмэн харж байгаа. Эхэнд нь Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нар л "явах” болж байна уу даа. Тэр нэгэн өдрийн худалч, хулгайч луйварчнаа илчилсэн хэрүүлийн үр дүнгээр бол өөр ч олон хүн сандал, ширээнээсээ салах байж магадгүй шиг. Төрийн түшээдийнхээ үнэн дүр төрхийг харлаа, муу муухайг нь мэдлээ. Хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харж авлаа. Болоо юм биш үү. Ц.Жаргалсүрэн Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 1