Улаанбаатарчуудын "зовлон"
Улирал бүхэн өөр өөрийн өнгөтэй. Тэр нь тухайн улирлынхаа араншинг илтгэдэг. Мөн улирлуудын араншин, үзэгдэлд зохицуулан Монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээ ч өөр өөр байдаг. Тухайлбал, Монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээнд хаврыг ирж яваа цаг хэмээдэг. Цаг наашилна. Хөхүүрийн ам наашилна. Усны шувууд ганганалдан айлчилж, эрдэм сурахаар алсыг зорьсон хүү ирнэ. Харин намар бол буцах цаг. Өвсний сөл үндэс рүүгээ буцна. Саахалт айл өвөөлжөөндөө төвхнөнө. Сэтгэлт бүсгүй тэгээд холдоно. Усны шувууд дулаан орноо зорино. Хүү эрдэм сурахаар алсыг зорино. Өтгөс буурлууд өөр ертөнцөд одно. Энэ мэт улирал бүрийг уламжлал, сэтгэлгээнийхээ дагуу өөр өөрөөр төсөөлж, ойлгож, мэдэрч, илэрхийлдэг ард түмэн. Тэгвэл одоо цаг өөр болж. Улаанбаатарчууд улирал бүрт өөр өөр зовлонтой болжээ. Цахим ертөнцөөр яваад байдаг "Өвөл нь Утаанбаатар, зун нь Усанбаатар, зам нь Удаанбаатар, зүс нь Шороонбаатар, барилга нь Нурсанбаатар, баталгаа нь Мурьсанбаатар, хотын дарга нь Улсынбаатар, хаа сайгүй Ууртайбаатар” гэх мэт наргианы аястай хэллэг нь өнөөгийн Улаанбаатарын "өнгө”-ийг бүрэн илэрхийлсэн гэлтэй.
Зун нь улсаараа урсах эрсдэл дунд амьдардаг. Зургаан сарын бороонд тэсэхгүй замтай. Ус зайлуулах шугам, хоолой хомсдолтой. Өнгөрсөн зун л гэхэд эхний борооноор Улаанбаатарчууд машинтайгаа урсах шахсан. Улсын нийслэл Улаанбаатар нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэйг ярьдаг ч өнөөг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй. Шинээр суваг, шуудуу барьсан ч үүнийгээ анхаарахгүй байсаар хогоор дүүрдэг. Харин бороо орохоор нөгөө суваг, шуудуугаа ярьж эхэлдэг уламжлал тогтсон.
Борооны улмаас улсын чанартай авто зам эвдрэв
Долдугаар сард бороо их орсны улмаас нийслэл, орон нутагт үер бууж орон нутгийн болон улсын чанартай авто зам эвдэрснээс 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн үерийн улмаас нийслэлд гурван хэсэгт авто зам усанд автаж, эвдэрсэн юм. Харин зургадугаар сард гамшгийн улмаас 15.31 тэрбум төгрөгийн хохирол амссан байна.
Тэгвэл өвлийг тодорхойлох трэнд сэдэв утаа. Утаа нь олон жил дамнан трэнд сэдэв хэвээр байгаа. Одоогоор үүнийг давах топ асуудал Монголд төдийгүй дэлхийд байхгүй. Учир нь бүх улсууд агаарын бохирдлын зовлонгоо эдлээд, шийдвэрлээд дууссан. Харин мода Монголоор дуусдаг жишээ утаан дээр удаан үргэлжилж байгаа юм. Гэхдээ утааны асуудал Улаанбаатарчуудын бэрхшээл ч улс төрчдийн хувьд ашигтай сэдэв. Оноо цуглуулах , бизнес хийх улирлын чанартай аргуудынх нь нэг. Агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 орчим тэрбум, цэвэр агаарын сангаас 117 тэрбум төгрөг зарцуулсан. Задалбал, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгасан.Тэд ингэж зарцуулж, утаагүй зуух тэргүүтнээр бизнесээ өргөжүүлж байхад, утааны уршгийг иргэд үүрдэг.
Утааны улмаас ураг жин дутуу төрж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хорт утааны улмаас жилд 15-аас доош насны 600 мянга орчим хүүхэд нас барж байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран "Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд” судалгааг гаргажээ. Үүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Энэ нь ураг амьгүй болон дутуу, жин багатай төрөх, цаашлаад амьсгалын замын архаг өвчин, уушгины хатгалгаагаар хязгаарлагдахгүй болж, амийг нь авч одох боллоо. Хорт утаа хүүхдийг хэвлийд байхаас нь эхлээд насанд хүрсэн хойно нь ч заналхийлж буйг дурджээ.
Дээр нь өмхий, хөрсний бохирдол, замын түгжрэл, эмнэлгийн дараалал, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, ажлын байр, амьжиргааны түвшин гээд улирлын биш "мөнх”-ийн асуудлууд нэмэгдэнэ. Харамсалтай нь, үүнийгээ мэддэг ч, ярьдаг ч, улс төрийн карьертаа ашиглаж, попордогч шийдвэрлэдэггүй, шийдвэрлэхээр ярьсан ч мөнгө идсэн богино настай, эсвэл цаасан дээр үлдэж, жил дамнан Улаанбаатарчуудын асуудал хэвээр байдаг нь гунигтай.
eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.