ДЭЛХИЙН БӨХИЙН НЭГДСЭН ХОЛБОО 2018 ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧДЫГ НЭРЛЭВ Спорт 2019/01/03 0 Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлалаа. Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финляндын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорчээ. Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд аваргалсан Д.Тэйлор чансааны 112 оноо авсан байна. Тэрбээр дэлхийн аварга болоод зогсохгүй Пан Америкийн АШТ, Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд аваргалсан юм. Финлянд улсаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аварга П.Олли өнгөрсөн жил ДАШТ-ээс гадна ЕАШТ, "Клиппан опен” эмэгтэйчүүдийн ОУТ-д түрүүлж, Польшийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртэж, нийт 110 оноо цуглуулжээ. Харин сонгомол бөхийн 82 кг-ын жинд дөрвөн жилийн дараа дэлхийд хоёр дахиа түрүүлсэн Унгарын 35 настай бөх П.Бачи 82 оноо авч тэргүүлсэн байна. Сонирхуулахад, ДБНХ-ноос шилдэг тамирчдыг 10 мянган швейцарь франкаар урамшуулжээ. Б.ОД 0
Сэтгэгдэл байхгүй байна.