Зургаа хоногийн “зуулт”
Хотын даргаар С.Мөнхчулуун гэх залуу тодроод зургаа хонов. Өрсөлдөж өвдөг шороодсон НИТХ-ын дарга С.Амарсайхан Ерөнхий сайдруу батламжлах бичгийг нь явуулахгүй зургаа хоног аль нэг араандаа "зуув”. Мань хүн унасандаа шаралхан уйлах гэж хуурай нүдээ нухлан зургаа хоног тарчлав бололтой. Хавь ойрын юмыг хамж шимээд сошиалаар С.Мөнхчулууныгаа балбаж өгөв. Ямар сайндаа "но" илрэхгүй болохоор нь хэсэг "сэлэмдэж" үзсэнээ эцэс сүүлдээ арга ядаад хадам ээжийг нь хүртэл бичүүлэв. "Арав гаруй жил төрд ажилласан хүнээс яахаараа "но" илэрдэггүй юм гэж" хавь ойрынхноо элдэвлэсэн сурагтай. Хүн заримдаа хүнийг өөр шигээ боддог талтай л даа. Улс төрд битгий хэл улсын наадамд Ч.Санжаадамба аваргаас авахуулаад танхимаа өгдөггүй увайгүй үзэгдэл олон гарч байсан. С.Амарсайхандаа байна уу, Ардын намын хуваагдалдаа байна уу. Нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, НИТХ-ын даргад С.Амарсайхан нар Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг сөрж заалнаас нэр дэвшээд ялалт байгуулж байв. Тус нам улс төрийн цэвэр өрсөлдөөний хэв шинжийг агуулж буй хэлбэр мөн л дөө.
Зургаа хоног "зуулт”-анд орсон бичиг өчигдөр нэг юм Ерөнхий сайдад хаяглагдсан байна. Гэтэл гацаанаас гарсан бичиг сураггүй алга болсныг орой телевизүүд онцолж мэдээлэв. ТВ9 телевиз Нийслэлийн төр захиргааны байрнаас Төрийн ордон хүрэх 200 метр зайд бичиг алга болсон талаар мэдээлэв. Харин сошиалаар "Ардын намын дарга У.Хүрэлсүх жанжинд өгөх бичгийг авч явсан Дарьбазарыг хэн замд саатуулав”, "Дарьбазар С.Амарсайханы цэрэг учир Сүх жанжинд өгөх бичгийг замд устгав” гэх зэргээр далд утга санаатай егөө мэдээллүүд урсаж байна. Харин өнөөдөр тэрхүү бичгийн талаар хэн нэгэн албаны хүн мэдээлэл хийх биз. Төрд бичиг хэргийн бүртгэл хариуцсан олон хүн байгаа. Дарьбазарын асуудал өнөөдөр шийдэгдэнэ.
Бичиг хүлээж авсан Сүх жанжин харин яах бол. Зургаа хоног зууж зууж явуулсан бичиг шүү дээ. Ямартай ч хууль шүүхийнхэнтэй ойр байдаг С.Амарсайхан дарга С.Мөнхчулуунаас "но" хайгаад олсонгүй. Дүү, хадам хоёртой нь холбож ухаалгын хар лантуугаар С.Мөнхчулууныг улайстал балбаад юм гарч ирсэнгүй. Тээр жил нийтлэлч Баабар "Буян” Жагаа, "Монгол тамхи со”-ийн Дашдорж хоёртой сонгуульд өрсөлдөж байхдаа "Ном, ноолуур, тамхи гурав өрсөлдөж байна хэнийг сонгохоо өөрсдөө мэд” хэмээн хэлж байсан гэдэг. Ерөнхий сайд энэ удаад өөрөө л мэдэж дээ. Ер нь бол худал амласан, хуудуугаар хөлжсөн, хууль дээгүүр алхсан нөхөдтэй хариуцлага тооцож чадаж байгаа учир ард түмэн Ерөнхий сайдад ам сайтай байна.