Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгов
Улсын 3-р төв эмнэлэгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтанд орлоо. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийсэн.
Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлэгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байгаа юм. Тодруулбал өрөө тус бүр эрүүл ахуй, халдвар хамгааллын тал дээр бүрэн зохицуулагдсан. Мөн эмнэлэгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж, агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан юм. Ингэснээр засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж, багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа гэв.
2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8 эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд цаашид эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.