Пуужингуудыг устгах тухай гэрээний эргэн тойрны нөхцөл байдалд Япончуудын санаа зовниж байна
1945 онд болсон атомын бөмбөгдөлтийн улмаас бэртэж гэмтэж байсан Японы Хирошима болон Нагасаки хотын оршин суугчид АНУ-ын гаргасан шийдвэрт санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу цөмийн зэвсгээс татгалзах олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг АНУ-ын эрх баригчдад уриалжээ. АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг АНУ БНАСАУ-аас шаардахын зэрэгцээ өөрсдөө цөмийн зэвсгээс ангижрахын эсрэг чиглэж байна. Тэдэнд үр дагавар нь хангалтгүй байгаа бололтой. Цөмийн зэвсэгтэй орон хариуцлагатай байж, цөмийн зэвсгийг устгахад чиглэн ажиллах ёстой” хэмээн Хирошимад өгсөн цохилтоос амьд гарч чадсан 88 настай иргэн Жюнжи Маки мэдэгджээ.
"АНУ-ын үйлдлүүд нь уучилж боломгүй бөгөөд цөмийн зэвсгээс ангижрах олон улсын хүчин чармайлтын эсрэг чиглэж байна. Япон улс нь атомын бөмбөгдөлтөд өртөж байсан цор ганц улс учир Засгийн газар үүнтэй холбоотой асуудлаар эрс эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй” гэж Нагасаки хотын оршин суугч эмэгтэй Мияко Жёдай ярьсан байна.
Дунд болон Ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний талаархи АНУ-ын шийдвэрт Японы Гадаад хэргийн сайд Таро Коно тайлбар өгөхдөө "Энэхүү гэрээ нь зэвсэглэлийг бууруулах тал дээр ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний үйлчлэлийг зогсоож байгаа тохиолдолд Хятад болон бусад орныг татан оролцуулсан шинэ гэрээ байгуулах хэрэгтэй” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.