Ялсан, ялагдсан хоёр нам нөхөн сонгуульд богино зайн улстөр хийх л үлдлээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн нөхөн сонгуультай холбоотой асуудал олны анхаарлын
төвд орж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсч дээрх тойрогт явагдах нөхөн сонгуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтож байв.
Гэтэл төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт дээр нөхөн сонгуулийн асуудал уначихаад байсан ч эрх баригчид энэ удаад доривтойхон шийдвэр гаргаж нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 30-нд явуулахаар товоо гаргалаа. Уг нь нөхөн сонгууль Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараахан нөхөн сонгуулийг зарлах ёстой байсан ч эрх баригчид шалтаг заасаар өнөөг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, хэн эрх мэдэл авсан нь хөгжмөө захиална гэдэг зарчимтай хойно хэлээ хазаад үүнийг чимээгүй өнгөрөөсөн. МАН-ын хувьд төрийн эрх мэдлийг авснаас хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрчихсөн иргэд тэднээс хийсэн, бүтээснийг нь л асууна уу гэхээс хийх ажлыг нь хүлцэн сонсох цаг үе биш юм. Тиймээс л энэ удаагийн нөхөн сонгууль МАН-ын хувьд хатуухан сорил болох нь тодорхой байна. Хатуухан хэлэхэд МАН-ынхан УИХ-ын сонгуулиар Ардчилсан намыг муучилж, "эдийн засаг элгээрээ хэвтлээ, эх орон өрөнд баригдлаа” гэсэн мессежээр иргэдийн сэтгэлзүйг эргүүлж, эгээ л аврагчийн дүрд тайзнаа тодорсоны хүчинд өнөөдөр ийнхүү олонх болж чадсан.
Тэгвэл одоо тэд нөхөн сонгуулиар ямар тактиктай ажиллах вэ гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Ямартай ч тэд одоог хүртэл хийсэн доривтойхон ажил байхгүй учраас сөрөг хүчин болох АН-ын өнгөрсөн дөрвөн жилийн алдааг дахин адалж, муучлах тактиктай байгаа тухайг учир мэдэх хүмүүс хэлж байв. Өөрсдийгөө магтахад хэцүү, өрөөлийг муулахад үнэмшилгүй ацан шалаанд орчихоод байгаа МАН-д нөхөн сонгууль гэдэг оройтсон бороо болж хувирав уу гэлтэй.
"Өр зээлд улсаа өгчихсөн” өнөөх АН-ынхаа араас орох бэлтгэлээ өнөөгийн эрх баригчид базааж эрх мэдэл албан тушаалын төлөө нанчилдсаар 2020 онтой золгох бололтой. Тэд хямралаас гарахын тулд нэмж зээл авах замыг сонгож, энэ талаар аль хэдийн яриад эхэлсэн эрх баригчид "өр зээл” гэдэг үгийг энэ удаад болгоомжтой хэрэглэхгүй бол дараа нь өөрсдөө ч бас амаа асуулгаж мэдэхээр байна. Ялсан, ялагдсан хоёр намд нөхөн сонгуулиар бодлого, хөтөлбөр ярихаас илүүтэй богино зайн улс төр хийх л сонголт үлдсэн мэт.
Р.Саруул
Bolod.mn
Сэтгэгдэл байхгүй байна.