Ц.Шаравдорж: Ардын намынхан Цэцээр дамжуулж бодсоноо хэрэгжүүллээ ВИП Зочин 2018/08/23 0 Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэрийн эргэн тойронд Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа. -Хэнтий аймагт нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоолыг Цэц хууль зөрчсөн гэж шийдвэрлэлээ. Ийм шийдвэр гарах байх гэж өмнө нь улс төрийн хүрээнд мэдээлэл гарч байсан. Тэгэхээр УИХ-ын тогтоол үнэхээр хууль зөрчсөн байв уу, энэ талаар та юу гэж бодож байна? -Ийм зүйлүүд сонсогдож байсан. Тэр байтугай хэд хоногийн өмнө бидэнд ийм мэдээлэл ирж байсан. Гэтэл Цэц бол Үндсэн хуультай холбоотой шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Тиймээс арай ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж шийдвэр гаргачихна байх гэж бодоогүй. Гэтэл яг л бидэнд сонсогдож, улс төрийн хүрээнд яригдаж байсан сценараар шийдвэр гарсан нь харамсалтай. Нөгөө талаар УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү гэдгийг хуульчийн хувьд аваад үзэхэд тийм зүйл алга. УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт эзэн байхгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн төлөөллөө УИХ-д оруулж, түшээгээрээ дамжуулан төр барих үйл ажиллагаанд оролцох гэсэн сонгогчдынх нь эрх ашиг тэнд бий. Ер нь бол 42 дугаар тойрог барцадтай байгаа. Сонгогдсон гишүүн нь гэмт хэрэгт холбогдож хэчнээн сараар асуудалтай байлаа. Төрийн түшээгийн ёс зүйн талаас авч үзвэл УИХ энэ тухайд аль эрт шийдвэрээ гаргаж, дахин нэр дэвшүүлэх асуудал аль хэдийнэ эцэслэгдчихсэн байх ёстой байсан. Гэтэл УИХ энэ асуудлыг хойш татаад байсан. Тэр нь хугацаа хожих нэг хэлбэр байж. Ингээд аргагүйн эрхэнд гишүүнийх нь асуудал ноцтой болоод ирэнгүүт УИХ шийдвэрээ гаргасан. Тэр даруйд нь УИХ тогтоолоо гаргах байсан. Гэтэл нэлээд удсаны эцэст нөхөн сонгууль зарлах тухай 62 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын хувьд ямар нэг зөрчил байхгүй. Гэтэл нэг хэсэг хүн төрийн албан хаагчийн нэр дэвших эрхэд халдлаа гээд Цэцэд өргөдөл бичиж байдаг. УИХ тухайн үеийн асуудалд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болохоос ирээдүй цаг дээр, ийм тийм хүн нэр дэвшинэ гэж шийдвэр гаргах ёсгүй. Тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Тэр журмаар шийдвэрээ гаргасан. Цэц нь тэнд шалтаг гаргалаа. Наана нь захиалга өгсөн улс төрийн хүчин, цаана нь шийвэр гаргасан Цэц нийлээд жүжиг тоглож байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 тойргийн сонгогчдын өмнө энэ байж болшгүй зүйл шүү дээ. -Төрийн албан хаагч нэр дэвшсэн тохиолдолд нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байна гэсэн хуулийн заалттай, иймд нөхөн сонгуулийн хугацааг яах вэ гэдэг асуудал одоо хөндөгдөж буй юм биш. Уг асуудлыг холбогдох байнгын хороод хэлэлцэх үеэр ч яригдсан.Тэр үед Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн "Бид хуульд нийцүүлж зохицуулаад бүртгээд явна” гэх тайлбарыг хэлж байсан. Гэтэл өнөөдөр өөрөөр шийдлээ? -УИХ энэ нөхцөлд байдлыг харж л байсан байна шүү дээ. Мэргэжлийн байнгын хороод асуудлыг хэлэлцээд УИХ-д оруулна гэдэг маш хариуцлагатай шат. Хэрэв байнгын хороо анзаарч харж байсан бол ийм асуудал Цэц дээр гарвал яах вэ гэдгийг яриад дүгнэлтээ гарган урьдчилаад шийдчих байсан. Сонгуулийн тухай хуульд ганц л заалт бий шүү дээ. Тэрийгээ оруулаад дараа нь тогтоолоо гаргачих байсан. Энэ тийм их бэлтгэл ажил, дээр нь тооцоо судалгаа шаардсан асуудал биш. Ерөөс дургүйд хүчгүй гэгчээр эрх баригчид анхнаасаа энэ нөхөн сонгуулийг явуулах дургүй байсан. Эрх баригч гэж би Монгол Ардын намыг хэлж байгаа юм. Энэ нам УИХ-д 64 суудалтай. Түүндээ ханачихсан. Тэгээд тодорхой улс төрийн хүчнийг төрд оруулахгүй гэсэн байр суурьтай байсан, одоо ч ийм байна. -Нөхөн сонгуульд ямар намууд оролцох нь тодорхой болчихоод байсан. Тухайлбал, 14 нам СЕХ-нд тайлангаа хүргүүлсэн. Үүнээс ИЗНН-ыг үлдээсэн учир гомдолтой байгаа. . Эрх баригч нам өөр улс төрийн хүчин болоод өөр хүнийг төрд оруулах хүсэлгүй байна гэсэн үг үү? -Шуудхан хэлэхэд манай эрх баригчид МАХН-ыг ямар ч хамаагүй аргаар улс төрд оруулахгүй гэсэн бодол, үйл ажиллагааг олон жилийн өмнөөс явуулж ирсэн. Эхлээд намыг нь оруулахгүй гэсэн. Намын эрхзүйн үндэс бүрдэнгүүт лидерийг нь оруулахгүй гэж үзсэн. Боловсролгүй, хүмүүжилгүй гэхчлэн нэр дэвших эрхийг нь хүртэл хаасан. Янз бүрийн хилс хэрэг тулгасан. Тэр хүн хилс хэргийг нь биеэр эдлээд туулаад гараад ирсэн. Одоо тэр арга нь явуургүй болсон. Гэтэл аргаа өөрчлөөд төрд оруулахгүйн тулд сонгуулийг хойшуулж байна шүү дээ. Тэрэндээ Үндсэн хуулийн цэцийг ашиглаж байна. Улс төр шударга байх ёстой. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллага явуулах ёстой. Нэг улс төрийн хүчин эрх мэдлээрээ түрий барьж, нөгөө намдаа хаалт тавьдаг байж таарахгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Гэтэл МАХН-ыг оруулахгүйн тулд үхэлдэж байна шүү дээ. ИЗНН-ыг л гэхэд СЕХ нөхөн сонгуульд бүртгэж авч болно шүү дээ. Бүртгэх л үүрэгтэй байгууллага болохоос тэд улс төрийн нам, эсвэл хувь хүнд ял шийтгэл ногдуулж, эсвэл эрхийг нь хааж боодог байгууллага биш. Ер нь энэ бүхнээс аваад үзэхэд, манай төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн цэц болохгүй байна. Шүүх хуулийн байгууллага, Цэц гээд бүгд тэнцвэрээ алдсан. Төрийг бохирдуулж, сонгогчдын эрх ашгийг, Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг өөрсдөө бий болгож байна. -Одоо Цэцийн шийдвэртэй холбогдуулан УИХ хуралдаж, хуульдаа өөрчлөлт оруулах болов уу, 2020 он хүртэл энэ янзаар нь явуулах бол уу. Хуулийн ямар гаргалгаа харагдаж байна? -УИХ шуурхай ажиллаж Цэцийн шийдвэрийг хэлэлцэн төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд оруулах асуудлаар байнгын хороо, чуулганы хуралдаанаар шийдвэрлэвэл хэдхэн хоногийн хугацаа бий. Гэхдээ тэгэх байх гэж бодохүй байна. Яагаад гэвэл эрх баригчид анхнаасаа л нөхөн сонгуулийг хийхгүй гэсэн юм чинь ямар нэг шалтаг заасаар ирэх хаврын чуулганыг хүргэх биз. Тэр хүрэхэд сонгууль хийсэн хийгээгүй адил болно. Хэнтий аймгийн 42 тойрогт нөхөн сонгууль хийхгүй байх, сонгогчдыг нь төлөөлөлгүй байлгах шат дараалсан ажлын нэг хэсэг нь яваад эхэлчихлээ. Ер нь тэгээд УИХ –ын зүгээс судалгаа хэрэгтэй гэхчлэн удаах шалтаг мундахгүй биз дээ. Хамгийн гол нь УИХ өөрөө дургүй байна. -Бас нэг эргэлзээтэй зүйл нь Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд төрийн албан хаагч орох байсан уу гэдэг асуудал. Үүнийг яаж батлах юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Цэцэд гомдол гаргасан хүмүүс "Би төрийн албан хаагч, нөхөн сонгуульд дэвших байсан юм” гэж мэдээлэл гаргасан байгаа. Тэр хүмүүс үнэхээр нэр дэвших хүн нь мөн үү, биш үү гэдэгт хариулт алга? -Бас л эргэлзээтэй асуудал л даа. Ийм асуудал үүсэхэд УИХ дахь МАН-ын бүлэг өөрийн намаас төрийн албанд тавьсан аль нэг хүнээ гаргаад ирэх биз. Ер нь бол МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь нэр дэвших гэтэл төрийн албан хаагч дэвшсэн тохиолдолд заасан хугацаа шаардагдсан, эсвэл Хэнтий аймгийн Засаг дарга нь нэр дэвших гэтэл хугацаагүй болж гэсэн яриа гарч л байсан. Гэвч тэр нь үнэмшилгүй жүжгийн шалтаг. -Сүүлийн үед Цэц нь УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, эсвэл УИХ нь Цэцийн шийдвэрийг зөрчсөн гэх мэт эсрэгцсэн асуудал гарах нь их болжээ. Хэнийх нь зөв, бурууг ялгахын арга алга? -Энэ хоёр байгууллага эсрэгцээд байгаа нь үнэн. Цэц өмнө нь ийм байгаагүй. Харин одоо улс төрийн нам, эрх баригчдын дохио зангаагаар ажилладаг байгуулага боллоо. Үүнийг шударгаар хэлэх цаг болжээ. Цэцэд очсон хүмүүс аливаа хуулийн асуудлаар дээд зэргийн дүгнэлт хийх чадварлаг , шалгарсан хуульчид байх ёстой. Нөгөө талаас Цэцээ хүндэтгэх биш, Үндсэн хуулиасаа өгсүүлээд нийт хуулийг хүндэтгэх, дагаж мөрдөх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах сахилга УИХ-д алга. Дур зоргоороо, бүлэглэлийн эрх ашгийг бодсон байдалд шийдвэр гаргаж байна. Хоёр болохгүй юмны эзэд нэг фронт дээр зогсоход хэн хэндээ шаардлага тавих аргагүй болно. Цэц, УИХ хоёр ийм л байдалтай байна. Ч.Зотол 0
Сэтгэгдэл байхгүй байна.