“АСЕМ ВИЛЛА” ХОТХОНЫ БОХИРЫН ШУГАМ ЗАДАРЧ, БОХИР НЬ ТУУЛ ГОЛ РУУ ЦУТГАЖ ХӨЛДЖЭЭ

0

“АСЕМ ВИЛЛА” ХОТХОНЫ БОХИРЫН ШУГАМ ЗАДАРЧ, БОХИР НЬ ТУУЛ ГОЛ РУУ ЦУТГАЖ ХӨЛДЖЭЭ

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Скай ресорт” болон "Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар иргэд нь холбогдох газруудад гомдол гаргажээ. Гомдлын дагуу БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар нөхцөл байдалтай очиж танилцсан байна.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Скай ресорт", "Асем Вилла"-ын барилгуудын бохирын ус хальж Туул голтой нийлсэн гомдлын талаар газар дээр нь ирж танилцлаа. Бохирын ус хоёр талаараа Туул голтой нийлсэн байгаа тул мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авна уу” гэжээ.

Тодруулбал, энэ сарын 21, 22-ны өдрүүдэд "Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдсан байна.  Тиймээс "Асем вилла” цогцолборын хойд хэсэгт инженер, техникийн ажилчид овоорч хөлдсөн мөсийг хоёр өдөр цэвэрлэж арилгахаар ажиллаж байна. 

Уг хотхон нь одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийжээ.
Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэнэ.

Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн "Асем Вилла” хотхоны шугам бөгөөд "Скай ресорт” цогцолбор нь  тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл "Бохирын асуудал хальсан асуудлаар Нийслэлийн шуурхай удирдлага болон НМХГ-т хандсан байгаа аж. Тухайн газар дээр очиход хариуцаж ажиллаж байгаа хүмүүс нь цэврийн шугам эвдэрсэн гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ газар дээр очоод үзэхэд бохир ус урссан нь тодорхой харагдаж байна билээ. Албаныхан ч надад бохироо соруулдаг байсан. Бохир соруулдаг компани нь соруулалт хийж байгаад алдчихлаа гэсэн.
Иргэн хүн машинаа голд угаахад 700 мянган төгрөгөөр торгодог. Гэтэл  энэ том ААН нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өөрсдийгөө өмгөөлсөн хамгаалсан тайлбар хийж байгаа нь ёс зүйгүй асуудал болж байна. Би "МХЕГ” албан мэдэгдэл хүргүүлсэн. Одоо улсын байцаагч нарын дүгнэлтийг хүлээгээд сууж байна” гэсэн юм.
 
Бохирын шугам руу их хэмжээний цэвэр ус орсноос болж хальсан нь үнэн гэв 
 
"Скай ресорт”, "Асем Вилла” цогцолбор хэсгийг хариуцсан ерөнхий инженер Э.Ариунболд "Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай цэвэр усны шугамд гэмтэл гарч бид шуурхай ажилласны үр дүнд гэмтлийг бүрэн янзлаад байна. "Асем Вилла” цогцолбор нь тодорхой шалтгааны улмаас энэ өвөл төвийн шугамд холбогдож чадаагүй байсан. Иймд бид зохицуулалт хийж хотхоны бохирыг соруулах байдлаар шийдсэн. Хоёрдугаар сарын 21 нд энэ байгууламжид гэмтэл үүсч, цэвэр усны 200-ын шугам хагарсан нь үнэн. Гэмтэл олон хоногийн өмнө үүсч ус гоожсон. Иймд ус урсаж халиа үүссэнээс ус шаргалтсан байгаа юм. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс ирж харахдаа бохир урссан гэж хараад байна. Бохир усны шугамын хувьд бөглөө таглааны гэмтэл гарсан. Үүнийг нь бид дор бүр нь соруулаад гэмтлээ засаж яваа. Энд бол одоогоор бохир нь хальж урсаад гол ус руу зутгасан зүйл бол байхгүй” гэсэн тайлбарыг өгөв.
 
МХЕГ-аас тухайн газар дээр очиж ажилласан бөгөөд лабораториор шинжлүүлэхээр болжээ.

Хэрэв лабораториор шинжлүүлбэл 72 цагийн дараа хариу гарах юм байна. Ямартаа  ч хөлдсөн бохир мөснөөс дээж авч шинжилгээнд өгсөн байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, АСЕМ хэмээх том арга хэмжээнд зориулж барьсан энэ хотхоныг дараа нь худалдсан бөгөөд нэг байрыг 2 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.