ОХУ, АНУ пуужин устгах гэрээнээс гарах нь асар их эрсдлийг дагуулна
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ АНУ, ОХУ хэрэгжүүлэхээ зогсоох нь зэвсэглэлээр хөөцөлдөх эрсдлийг бий болгож болзошгүй юм гэж Бүгд Найрамдах Казахстан Улсын /БНКУ/ Гадаад хэргийн сайд Бейбут Атамкулов мэдэгджээ.
"Дэлхийн нөлөө бүхий хоёр улс Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тухайгаа мэдэгдээд удаагүй байгаа билээ. Энэ явдал нь холбоотнуудынхаа нутаг дэвсгэрт шинэ пуужингуудыг байрлуулах, шинээр бүтээх, зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй юм” хэмээн Б. Атамкулов хэлсэн байна.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг Орос улс зөрчиж байна гэж үзэж байгаа учир хоёрдугаар сарын 2-ноос эхлэн тус гэрээний үүргийг биелүүлэхээ больж, хагас жилийн дараа гэрээнээс гарна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар өмнө нь мэдэгдсэн юм.
Энэ шийдвэрийн хариуд ОХУ мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ зогсоож байгааг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд мэдэгдсэн. "Бидэнд болон бидний түншүүд, цаашлаад дэлхий дахины хувьд маш чухал энэ сэдвээр АНУ адил эрхтэй, утга агуулга бүхий яриа хэлцээг бидэнтэй хийхэд бэлэн болох хүртэл хүлээе” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.