Д.Сугарын "Но"-нуудаас болж үр хүүхдүүд нь гадаад руу дайжив уу...
Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугар өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Монголын төрд өндөр албан тушаалыг ээлжлэн хашсаар өнөөдрийг хүрсэн Д.Сугарын нэрийг сайн болоод муугаар сонсоогүй хүн үгүй биз. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусган өнгөрсөн оны тавдугаар сард уг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрбээр өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Түүний нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийн дуулиан арваад жилийн өмнөөс ар, араасаа босч байсныг санаж буй хүмүүсийн хувьд "хуулийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх мэдээлэл гайхахаар, цочирдохоор зүйл биш болжээ. Тэрбээр гэм буруутай эсэх нь тусдаа асуудал. Харин олон жил үргэлжилсэн хэл ам, хуулийн байгууллага хараа хяналт түүний гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдэд нь хүндээр тусч, гадаадад суурьших сонголт руу түлхсэн бололтой. Тодруулбал, түүний охин С.Одонгоо НҮБ-ын Монгол дахь төсөл хөтөлбөрийн байгууллагад ажиллаж байсан карьерээ орхиж, нөхөр гэр бүлийн хамт хоёрдугаар сарын 20-ны өдөр Европ руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний нөхөр Б.Баясгалан "Шунхлай” группийн охин компанид захирлын алба хашиж байсан ч ийнхүү гадагшаа гарчээ. Тус гэр бүл өмч хөрөнгөө хөдөлгөөнд оруулсныг бодоход урт хугацаагаар явж буй бололтой. Гэхдээ хүргэн Б.Баясгалан өдгөө Сингапурт компани, хөрөнгийн бичиг баримтыг зохицуулах ажилтай яваа гэх мэдээлэл ч байна. Мөнхүү түүний бага охин нь Австралид ажиллаж, амьдраад удаж байгаа. Энэ мэт мэдээллээс харвал, С.Сугар үүсээд байгаа нөхцөл байдал, холбогдох олон баримтаас үүдэн гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар гадагшаа дайжиж байгаа нь үнэн бололтой.
Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргаар ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн гээд төрийн өндөр дээд албан тушаалд 40 шахам жил ажилласан Д.Сугар сүүлийн жилүүдэд төдийгүй урьд өмнө ч авлигын шинжтэй асуудлуудад нэр холбогдсон ч нотлогдсон нь үгүй. Нэг үгээр бол ямарваа ял зэмлэл үүрч байсангүй. Түүнийг хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгах хүсэлт гаргаж байсан ч эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шалгалтын ажиллагаа удааширч, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Түүний холбогдсон хэргүүд "ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙГ БАРЬЦААЛАХАД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХЭРЭГ, МИАТ-ИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН гэх мэт нэрлэвэл нэлээд бий.