“British Airways” компанийн нисэх онгоц хотоо андуурч газарджээ
Даваа гарагт Лондон хотоос нисэж Германы Дюссельдорф хотод газардах ёстой байсан Их Британийн агаарын тээврийн "British Airways” компанийн нисэх онгоц хот, улсаа андуурч Шотландын Эдинбург хотод газарджээ.
Зорчигчид Эдинбургт газардсаныхаа дараа л өөр хотод ирснээ мэдсэн байна. Нисэх онгоцны дотоод холбоогоор "Эдинбург хотод тавтай морил!” гэж мэдэгдсэн аж. Нисэгч нарт нислэгийн буруу төлөвлөгөө өгсний улмаас ийм алдаа гарчээ. Уг нислэгийг Германы агаарын тээврийн "WDL Aviation” компани "British Airways” компанийн түрээсийн нисэх онгоцоор үйлдсэн байна.
"British Airways” компанийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, алдааг зассан бөгөөд зорчигчид хэдийнэ Дюссельдорф хотод очжээ. "Аялалд нь ийм саатал учруулсандаа үйлчлүүлэгчдээсээ бид уулчлал хүсэж, бас зорчигч тус бүртэй холбоо барьж байна” гэж Их Британийн агаарын тээврийн компанийн мэдэгдэлд дурдсан байна.
"Нисэгч Эдинбургт газардах гэж байгаа талаар мэдэгдэхэд бид тоглож байна гэж бодсон, тэр ч бүү хэл та нар тоглож байна уу гэж онгоцны үйлчлэгчээс асуух гэж байсан" хэмээн энэ чиглэлээр ниссэн зорчигчдын нэг болох 24 настай Софи Кук ярьжээ. Софигийн ярьснаар, дараа нь нисэгч Дюссельдорф хот руу нисэхийг хүсэж байгаа бол гараа өргөнө үү гэж зорчигчдоос хүсэхэд, бүгд гараа өргөсөн аж.
"Энэ бол онгоцонд суугаад өөр хотод ирсэн зорчигчдын хувьд ер бусын нөхцөл байдал юм. Нислэгийн зорчигчдод нөхөн төлбөр олгох болов уу? Эцэст нь ийм алдаа гаргах магадлал нь "British Airways"-д итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх бол?" гэж Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Саймон Браунинг бичжээ.