Оросын онгоцны ослоор амь үрэгдсэн эмэгтэй Монголд амьдарч байжээ
Египетэд сүйрсэн Оросын агаарын тээврийн компанийн А-321 онгоцонд сууж явсан зорчигчдын нэг Монголд амьдарч байсан тухай Латвийн "Ventas Balss” сонин өчигдөр мэдээлэв. Татьяна Панина хэмээх тэр эмэгтэй Латвийн Вентспилс хотод төрсөн бөгөөд Даугавпилс хотод дээд сургууль төгсөөд Монголд амьдардаг хамаатнууд дээрээ очиж улмаар тэндээ нөхөрт гарсан хэмээн уг сонинд мэдээлсэн байна. Т.Панина Монголд хэр удаан байсан, хэзээ явсан нь тодорхойгүй бөгөөд энэ жил 55 настай байснаар нь хөөн бодвол 1960 онд төрсөн, харин Монголд 80-аад оны дундуур буюу хуучин социалист нийгмийн үед ирсэн байж болохоор байна. Тэрбээр уг онгоцонд охинтойгоо явж байсан бөгөөд нөхөр, хүү болон ач нар нь өнчирч үлджээ.