БНХАУ-ыг гүтгэхээ зогсоохыг АНУ-ын улс төрчдөд уриалжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлсэн "БНХАУ бусад орнуудад аюул занал учруулж байна” гэх үгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан пүрэв гарагт няцаасан байна. Тэрбээр уг мэдэгдлийг "ёс зүйгүй, шударга бус” гэж тэмдэглэжээ.
М.Помпео саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр, "БНХАУ өр зээлийг урхи болгон ашиглаж, төрийн өмчит арилжааны аж ахуй нэгжүүдээрээ дамжуулан тагнуул хийж байгаагийн зэрэгцээ технологийн системүүд нь эрсдэл үүсгэж байна. Бид БНХАУ-ын учруулах эрсдлийг бусад улс орнуудад мэдэгдэхийг хүсэж байна, үүний дараа тэд өөрсдийн шийдвэрээ гаргах биз” хэмээн хэлсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас тогтмол явуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуанаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн үгийн талаар асуухад, "БНХАУ бүхий л цаг үед бусад хөгжиж буй орнуудтай харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хүчин чадлынхаа хүрээнд улс төрийн ямар ч нөлөөгүйгээр тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгож ирсэн” хэмээн хариулжээ.
"БНХАУ бусад улс орнуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлснээр тэдгээр орны эдийн засаг хөгжиж, ард иргэдийнх нь амьжиргааны түвшин дээшлэхэд хувь нэмэр оруулдаг. Тэд ч үүнийг таатайгаар хүлээн авдаг” гэж Гэн Шуан нэмж хэлсэн байна.
БНХАУ-д холбогдолтой хамтын ажиллагааны төслүүдийн маш бага хэсгийг өр зээлтэй улс орон, бүс нутаг эзэлдэг ба манай улстай хамтын ажиллагаа өрнүүлснээр "өр зээлийн урхи”-нд орсон нэг ч улс орон байхгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ хууль тогтоомжууд болон холбогдох зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагаандаа чанд баримтлахыг аж ахуй нэгжүүдээсээ шаарддаг гэжээ.
АНУ-ын жинхэнэ зорилго бол "Хятадын аж ахуй нэгжүүдэд шахалт үзүүлэх бүх арга замыг ашиглаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын давуу байдлаа хэвээр хадгалах” гэдэг нь бүгдэд илт байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
"Хэргийг өөрөөсөө зайлуулах гэсэн АНУ-ын энэхүү заль мэх бүтэлгүйтэх нь гарцаагүй” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдээд, "сэтгэлгээгээ зөв болгож, Хүйтэн дайны үеийн тоглоомын дүрмээсээ ангижирч, БНХАУ-ыг бодитоор харж, гүтгэхээ зогсоохыг" АНУ-ын нэр бүхий улс төрчдөөс шаарджээ.