Б.ГҮНБИЛЭГ:Ц.НЯМДОРЖ САЙД ХҮМҮҮСИЙГ ХЭРЭЛДҮҮЛЖ, НИЙГМИЙГ БУХИМДУУЛЖ КАЙФ АВААД БАЙНА УУ ДАА

4
Б.Гүнбилэг:Ц.Нямдорж сайд хүмүүсийг хэрэлдүүлж, нийгмийг бухимдуулж кайф аваад байна уу даа
УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан билээ.

Хууль батлагдан хэрэгжсэнээр Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаа руу орж байна гэсэн шүүмжлэлийг хуульчид өрнүүлж эхэлсэн.
Ардчилсан Үндсэн хуулиа оршуулсан үзэгдэл болж байна. Тиймээс ч ҮХЦ-д хандана. Иргэдийн гарын үсэг зуруулна хэмээн хуульчид мэдэгдсэн.

Дээрх асуудлаар Нээлттэй нийгэм форумын танхимд хуульч судлаачид "Шүүгчийн хараат бус байдлын баталгаа”  сэдвээр уулзалт зохион байгуулахдаа сүүлийн үед өрнөөд байгаа эрүү шүүлт болон элдэв янзын мэдээллийн талаар тайлбар өгч, холбогдох судалгааг танилцуулсан юм.

Энэ үеэр хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Дээрх хууль батлагдснаар Үндсэн хуулиа бүр оршуулчихлаа гээд байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөнд хэн халдаад байгаа юм бэ?

-Хамгийн түрүүнд энэ эрхийг баталгаажуулж, хамгаалах, зохицуулах үүрэгтэй төр өөрөө хүний эрхийг зөрчих магадлалтай. Нэг талаас ард түмэн төлөөллийн байгууллагаараа төрийг удирдаж байгаа гэвч хоёр дахь талаасаа тэр хүмүүс нь эргээд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах боломжуудыг бий болгодог. Тийм учраас Үндсэн хууль гэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан хуулийн тухайд хэлэх юм бол улстөрөөс хараат бус байх үндсэн зарчим байхгүй боллоо. Шүүх, эрх мэдэл бол бие даасан салбар. Паралмент хууль тогтоох байгууллага. Гүйцэтгэх эрх мэдэл нь хуулиа хэрэгжүүлээд, шүүх хэрхэн яаж хэрэгжүүлж байна вэ гэдэгт хяналт тавих ёстой. Гэвч эхний хоёроосоо гуравдахь эрх мэдэл рүүгээ халиад эхлэхээр хүний эрхийн баталгаа хангагдахгүй. Үндсэн хуульд заасан язгуур эрх ашиг зөрчигдөөд эхэлнэ гэсэн үг юм. Тэгэхээр чуулганы хуралдаанаар гаргасан шийдвэр улстөрийн хараат бус байдалд шууд нөлөөлчихөж байгаа юм.

-Одоо цаашдаа юу болох вэ?

-ҮАБЗ-ийн гурван гишүүн сайн хүмүүс байх юм бол магадгүй энэ хуулийг сайнаар харвал сайхан хэрэгжиж явах боломжтой. Гэхдээ энэ хууль Үндсэн хуулийн зохицуулалт, процессыг зөрчсөн. 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан дээрх хуулийг санаачилсан гэдгийг эрх баригчид хэлж буй. Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж байсан уу?

-Чуулганы гол асуудал юу байсан бэ гэхээр зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлаас илүү эрүү, иргэн, захиргааны шүүхийн асуудалд хөндлөнгөөс оролцдог, бүгдийг нь "базахаар” болж байна. Нэг хүн твиттерт "Нэг багш хүүхэд зодсон чинь бүх багш нар муухай гээд, бүх багш нарыг томилоход ҮАБЗ-өөр оруулж байя” гэж бичсэн байсан. Яг үүн шиг юм болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, сенсаацтай хэргийг нийт масст үзүүлэхэд тэд дургүйцнэ. Үүний цаана ард нь маш том эрх мэдэл очсон гэдгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр хууль өргөн барьсан хүмүүс сайхан харагдаад байж магадгүй л дээ.
Гэхдээ хүн л юм чинь эрх баригчдад хувийн шунал, улс төрийн эрх ашгаа хамгаалах зүйл гарна. Тэгэхээр үндсэн хуулийн бус аргаар нээж өгсөн боломжуудыг бий болгочихоор "тэд” дур зоргоороо авирлана гэсэн үг. Тиймээс бид ҮХЦ-д хандана хандахаар ажиллаж байна.

-Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь зөв үү, буруу юу?

-Буруу гэж бодож байна. Нийгэм, олон нийт дургүйцэж хүлээж авна.

-Хүчээр эрүүдэн шүүж, ял тулгаж, тамласан алба хаагчдад ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Өөрсдөө илрүүлсэн хэргээ гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн. Эрүүгийн хуулинд эрүүдэн шүүх гэсэн зохицуулалт нь байгаа. Тэрнийхээ дагуу эрүүдэн шүүсэн гэх хүмүүст хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлөх боломж байсан. Гэвч масст сенсаацитай юм үзүүлж, айдаст төрүүлэхийг зориод байна. Нөгөө л эрүү, иргэний шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож буй хэрэг.

-ҮАБЗ-өөс шүүгч, прокуроруудад зөвлөмж гаргаж байна гэдэг нэрийдлээр шүүх засаглалыг гартаа оруулах гэсэн санаархал утгаараа биеллээ гэж харж байгаа?

-Хуулиар УИХ, тус байгууллага бүтэц бүрэлдэхүүнийг гаргах эрх олгогдсон. Парламент ҮАБЗ-д Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг оруулчихсан байгаа. ҮАБЗ нь Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах ёстой. Язгуур эрх ашгийг яаж тайлбарлах уу гэдэг ҮАБЗ өөрсдөө тодорхойлоод явах болж байна. Ямар үндэслэлээр гэдгээ оруулахгүйгээр дур зоргын болгочихлоо шүү дээ. ҮАБЗ-д ямар үндэслэл гэдгийг заахгүйгээр ШЕЗ-д зөвлөмжөө явуулах гэж байна. Үндэслэл хэсэг нь байхгүй учраас энэ хүмүүс жинхэнээсээ дур зоргоороо аашилна. Бизнест гэхэд ямар ч том жижиг бизнес бай одоо бүгдээрээ хамгаалалтгүй болно. Өнөөдөр ЖДҮ байна уу, том бизнес байна уу бүх бизнест хөндлөнгийн нөлөө орох эрсдэл бий болчихлоо. Энэ байдал цаашдаа даамжирвал нэг хүний засаглалыг бий болгоно. Бүх юм руу ордог болно гэсэн санаа.

-Хуулийг сайжруулах биш дандаа ухраасан алхмууд хийгээд байна гэж та хэллээ?

-Одоо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газрыг харьяаллаас гаргана. Үүний дараа УИХ-ын тогтоолоор батлагдсан хувьчлах төрийн өмчийн олон компани байгаа. Энд Захиргааны хэргийн шүүхийн хяналт байхгүй болж эхлэх юм.  Хүн харахаар сайхан хувьчлаад байна гэж бодож болох ч төрийн мөнгө хаачих уу нөгөө хэсэг бүлгийн улс төрийн ашиг сонирхол руу сонгуулийн мөнгө рүү явах хоолой үүснэ. Ний нуугүй хэлэхэд шударга бусын хонгилоор явж эхэлсэнд эргэлзэхгүй.

-Эрх баригчид "Эрдэнэт”-ийн асуудалд орж, хэргийг буруу шийдвэрлэсэн гээд яриад байгаа? 

-"Эрдэнэт”-ийн асуудлыг буруу шийдвэрлэсэн. УИХ-аас Засгийн газар, Худалдаа хөгжлийн банктай хэлцэл хийж, тохиролц гээд шийдвэр гаргасан. Хэлцэл бол мөнгөөр тохирох учраас хэзээ ч бүтэхгүй асуудал. Манайд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд "нийгэмчлэх” гэдэг үг байдаг.

Нийгэмчлэх нь "Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлд "хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж байгаа. "Эрдэнэт”-ийн 49 хувийг Үндсэн хуулийн бус аргаар хувьчлаад авчихсан. Түүнтэй хэн ч маргахгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэцээс тогтоож, тухайн үед шийдвэр гаргасан.

Харин нийгэмчлэхэд хариу төлбөр өгч болно. Түүнийг нь төр өгөх ёстой. Одоо байгаа тогтоол яаж гарсан юм гэхээр хэлцэл хийж хоорондоо тохиролц гэсэн тогтоол бий. Тэгэхээр бизнесийн байгууллага их мөнгө авахыг бодно биз дээ. Үүнийг би Ц.Нямдорж сайдад бичээд өгсөн. Харамсалтай нь ердөөсөө яриагүй.

Ямар санаатай яачихсан Хууль зүйн сайд байгааг би ойлгохгүй байна. Ц.Нямдорж сайд хүмүүсийг хэрэлдүүлж нийгмийг бухимдуулж кайф аваад байна уу гайхаад байна.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр суллаж болох уу?

-Өчигдрийн үзүүлсэн эрүүдэн шүүх ажиллагаа бол нотлох баримтаар илэрсэн хэрэг байгаа.. Монгол Улсын Ерөнхийлөгч тэр хүмүүст уучлал үзүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүст нэн яаралтай уучлал үзүүлж, эрүүдэн шүүж болохгүй гэсэн хууль заалтыг зөрчсөн хүмүүст эрүүгийн хариуцлагыг хүлээлгээд явах боломжтой. Энэ бол Үндсэн хуульд халдсан асуудал биш. Ерөнхийлөгч түүнийг мэдэж байж яагаад уучлал үзүүлж болоогүй юм. Хуулийн гаргалгаатай асуудал байхад нийгмийг тэр чигээр нь айдаст автуулж, самууруулсан ийм  доголдол гаргаж байгаа нь учир дутагдалтай.
-Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу их дайрч давшилж, эцэстээ албан тушаалаас нь чөлөөллөө? 

-Шүүгчдийг шийдвэрлэсэн хэргийн төлөө яллах, буруутгах, нэр хүндэд халдах оролдлого ихээр гарах болсон нь шүүхийн хараат бус байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна. Эрх баригчид хууль батлах замаар шүүхийг улс төрийн нөлөөнд байлгах гэсэн оролдлого ихээр гарч байгаа нь учир дутагдалтай.

-Шүүгч нь өөрийгөө боомилтлоо авлигажиж, прокурор нь орондоо ялтан сулалтал завхайрсан байна гэх. Тиймээс энэ байдлыг засч залруулахын төлөө явж байгаа? 

-Тэр амиа алдсан шүүгчийн хэрэг дээр ажиллаагүй болохоор мэдэхгүй нь. Авлигажсан гэдгийг шүүх эцэслэн тогтооно.

О.Гэрэл
Оллоо.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

Б ө л дөгний үзүүр толгой гаргасан энэ товарищ энхболдын туслах байсан гэлүү?

:

Нам, шүүх, прокурор, их хурлын гишүүн, банк гэсэн бие даасан байдал, халдашгүй эрх ярьж мафи болсон хэсэг хүмүүс дураараа дургиж Монголын идэж, хулгайлж болох бүхнийг авчихаад хувийн өмчид халдах гээд байна гээд нөгөө шүүхээрээ айлгаж ардчилал ярьж солиорч байна.
Нам, шүүх, прокурор, их хурлын гишүүн, банк ил тод байгаа, шилэн данстай, ардчилалтай биднийг сонгоод 4 - 6 жил яаж ч дээрэмдэж хулгайж байсан дуугүй бай, халдашгүй дархан эрхэд бүү халд гээд байгаа юм уу????????????????????????????????????????????????????????????????
Эд нартай л ард түмэн хариуцлага тооцдог болмоор байна...............
Эх орон, ард түмний эрх ашигаас урваж байгаа урвагчтай яаж тэмцэх вэ????

:

м.энхболдын хувийн хуульч нямдорж сайдыг буруутгаал , зоригийн хэргийн талаар шүү , ашиг сонирхол байнаа

:

тэртэй тэргүйл хууль шүүхийн байгууллага, цагдаа прокурор хүчний байгууллагад ард түмэн итгэдэгүйшдээ....мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг он жилүүдийг үдээд бүнд л ярьдаг байсан биздээ....харин сошиал нэтворк хөгжиж байж гайгүй боллоо...дандаал мөнгө ярьдаг байсан биздээ хуульчид