Олигархиудын медиа засаглал ба дэлхийн хэвлэл мэдээлэл
Updown.mn сайт Дэлхийн хэвлэл мэдээллийн төлөв байдлын тухай цуврал нийтлэлийг Regnum.ru сайтаас орчуулан хүргэж байна.
«Self Media» хөгжсөн улс
Хятад улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцийн бодлогууд төрөөс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бүрэн хамааралтай гэж бид боддог нь зарим талаар өрөөсгөл ойлголт аж. 1990-ээд оны сүүлч хүртэл бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл нийтлэл төрийн өмчид хамаардаг, эсвэл төрийн хяналтад байсан. Харин интернэт сүлжээнд «Sina», «Sohu», «Netease» зэрэг хувийн порталууд гарч ирснээр байдал бага зэрэг өөрчлөгдсөн юм.
Гэсэн ч Хятадад бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Коммунист нам, Засгийн газрын "нүд, чих, хэл” нь болсон хэвээр байна. Хятадын медиа пирамидын оргилд «CCTV» төрийн өмчит нэвтрүүлгийн концерн тэргүүлсэн хэвээр байна.
Тус концерны гол менежмент нь хилийн чанадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой түншийн сүлжээгээ өргөтгөх зорилготой. Нэн ялангяа барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй түншлэлийн харилцаатай байх сонирхолтой аж.
Намаас хэвлэлүүддээ чиг шугамыг нь баримтлан нийгэмд эерэг зөв мэдээлэл түгээх, социализмын үндсэн зорилгод хүрэхэд хувь нэмрээ оруулахыг шаарддаг. Санхүүжилтийн хувьд 1970-аад оны сүүлчээр гаргасан Ден Сяо Пиний шинэчлэлийн үеэс эхлэн бүхий л мэдээллийн хэрэгсэл зах зээлийн нөхцөлөөр ажиллаж, санхүүгийн үр ашигтай байх үүрэг хүлээжээ.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь зөвхөн нам, төрийн үзэл суртлыг харуулдаг байсан бол өдгөө илүү худалдааны бүтэцтэй болж, зар сурталчилгаа, түүнтэй төстэй хэрэгслээр санхүүжилтээ авдаг болжээ. Хэдий ийм өөрчлөлт гарсан ч өмчийн харилцаа нь өмнөхийн адил буюу бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөөс хамааралтай байна. Тиймээс ч төрөөс хэвлэлд хяналт тавьдаг хэвээр.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэгэн сонирхолтой онцлог нь «Self Media» буюу өөрсдөө хэвлэн нийтэлдэг хэрэгсэл өргөн тархсан явдал. Эдгээрийн нийтлэлч, санаачлагчид нь «WeChat» зэрэг Хятаддаа маш их алдартай олон нийтийн сүлжээг ашиглагч ямар ч хувь хүн байж болно. Энэ төрлийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчийн контент тогтмол нийтэлнэ. Хамгийн алдартай нь хэдэн сая дагагчтай байх жишээтэй. Мэдээж үүнийг дагаад зар сурталчилгаа орж ирж, тэр хэрээр муугүй мөнгө авна. Яг л энгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажилладаг ч энэ төрлийн медиа төрийн цензурээс зайлсхийж чаддаггүй.
Олигархиудын медиа засаглал
Бразилд хэрэглэж буй цахим контентын бараг 70 хувийг Бразилийн дөрвөн медиа концерн дангаар нь үйлдвэрлэдэг. Үүнээс бараг тал хувийг нь "Глобо телевизийн сүлжээ” концерн бий болгодог аж. Хэвлэмэл хэвлэлийн салбарт сонин уншигчдын бараг тал хувь нь мөн л дөрвөн медиа-холдингийн үйлдвэрлэсэн контентыг хэрэглэдэг. Соёл, боловсролтой холбоотой сэдвээр хөтөлбөр нийтэлдэг «TV Brasil» төрийн теле сувгийн зах зээл 2,0%-иас хэтэрдэггүй байна.
Харин сүүлийн үед "Глобо телевизийн сүлжээ” тус улсын медиа зах зээлд бараг монопольчилж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Нөгөө талаас үзэхэд тус сүлжээ нь чанартай сэтгүүл зүйг төлөх хангалттай хөрөнгөтэй, тэдний найруулагчид, кино зохиолчдын бүтээсэн телевизийн олон ангит кинонууд нь ард түмэндээ асар их алдаршсан. Эдгээр савангийн дууриудыг зохиогчид төсөөллийн зугаа цэнгэлээ нийгэм-улс төрийн сэдэвтэй чадварлагаар хослуулдаг.
"Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын мэдээллээс үзэхэд Бразилд олигархийн таван гэр бүл өргөн зурвасын теле, радиогийн 50 гаруй сувгийг эзэмшиж байна. Мэдээж үүгээрээ тэд асар их хэмжээний мөнгө олдог. Жишээлбэл «Globo» концернийг эзэмшигч Мариногийн гэр бүл л гэхэд тус улсын хамгийн баян өрхийн тоонд ордог байна.
«Globo» концернын гол өрсөлдөгч «Record» холдингийн сувгуудад мэдээлэл хийдэг телевизийн протестант шашны номлогч Эдир Маседо л гэхэд тийм ч баян биш хэрнээ хамгийн баян бразилчуудын тоонд 74 дүгээрт жагсаж байх жишээтэй.
Дуулиан шуугиан, авлига, нийгмийн тэгш бус байдал гээд энэ бүгд дутагдал нь мэдээллийн хэрэгслийн шавхагдашгүй эх сурвалж нь болж байдаг. Үүнийг дагаад Бразилийн медиа олигархиуд өөрсдийн ирээдүйдээ санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
Төрийн шууд санхүүжилт, цензургүй хэвлэл
Энэтхэгийн «Prasar Bharati» олон нийтийн эрх зүйн теле, радио компани 1997 онд үндэсний парламентын шийдвэрээр байгуулагдсан байна. Тус компанийн бүрэлдэхүүнд «Doordarshan» («DD») үндэний теле-радио холдинг, «All India Radio» («AIR») радио ордог байна. «Prasar Bharati» теле, радио компани 67 теле суваг, 420 радио станцтай гээд дэлхийн хамгийн том олон нийтийн теле, радио компанийн тоонд ордог. Тус компани санхүүжилтээ шууд улсын төсвөөс авдаг бөгөөд энэтхэгчүүд хэвлэл мэдээллийн хураамж төлдөггүй.
Үүнэс гадна тус теле, радио компани зар сурталчилгааны зах зээл дээр идвэхтэй ажиллаж, санхүүжилтээ нэмдэг байна. Ерөнхийдөө ийм том хэмжээний компанийг дан ганц зар сурталчилгаагаар санхүүжүүлнэ гэдэг хүнд. Харин сүүлийн жилүүдэд «Prasar Bharati» компанийг хувьчлах асуудал их яригдах болжээ. Хэрвээ энэ компанийг хувьчилбал санхүүжилтийн схемийг хэрхэн зохицуулах асуудал тун бүрхэг.
«Prasar Bharati» болон Засгийн газар хоорондын харилцаа нэлээд сөргөлдөөнтэй. Нэг талаас үзэхэд хууль тогтоомжоор энэ компани бүрэн автономит байдалтай. Гэхдээ нөгөө талаас энэ хууль тогтоомжоор төр засагт тун компанийн санхүүжилт, удирдлагын асуудалд хутгалдан орох боломжийг олгодог байна.
«Prasar Bharati»-ыг түүнчлэн Засгийн газрын дуу хоолой гэж үздэг. Энд үйл явдал, баримтыг гажуудуулах, шууд цензур хийх тохиолдол харьцангуй ховор. Тухайлбал тус холдингт багтдаг «DD» суваг л гэхэд 2014 оны сонгуулийн өмнө одоогийн Ерөнхий сайд Нарендра Модигийн их хэмжээний бэлэн мөнгөтэй ярилцлагыг нийтэлж байсан удаатай.
Энэтхэг улс дэлхийн хамгийн том хэвлэл мэдээлэлтэй болно
Энэтхэг улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, PwC компанийн хамтарсан судалгаагаар Энэтхэг улс 2021 он гэхэд хэвлэл мэдээллийн хамгийн том зах зээлтэй топ-10 улсын тоонд багтах төлөвтэй байна. Судалгаанаас үзэхэд 2021 он гэхэд тус улсад хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлийн салбарт нэг хүн ам дунджаар 32 долларын зардал гаргах нь ээ.
Үнэлгээнээс үзэхэд Энэтхэг нь интернэтээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх ОТТ-ын хамгийн хурдан хөгжсөн салбартай улс орны тоонд орох юм байна. Энэ салбар 2018 оноос 2022 он хүртэл жил бүр 10,1 хувиар өсөх гэнэ.
Энэтхэгийн "Жагран” мэдээллийн агентлагийн мэдээллээс үзэхэд энэхүү өсөлт нь ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, мэдээллийн хэрэгцээ эрс өсөхтэй шууд холбоотой байх аж. Гэсэн ч Энэтхэгт хүн амын хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлд зарцуулдаг зардал Хятад (222 доллар), АНУ (2260)-аас харьцангуй бага хэвээр байна.
Үргэлжлэл бий…
Бэлтгэсэн: UPDOWN.MN
Сэтгэгдэл байхгүй байна.