Испанийн сонгуульд социалистууд ялжээ
Испани улсад ням гарагт болсон ээлжит бус бүх нийтийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Педро Санчесын тэргүүлдэг Социалист ажилчны нам ялжээ. Энэ тухай Испанийн Дотоод хэргийн яам мэдээлэв.
Тус яамны мэдээлснээр, саналын хуудсын 98.9 хувийг тоолсны дараа Испанийн Социалист ажилчны нам парламентын доод танхим болох 350 суудалтай Конгресст 123 суудал авсан байна. Консерватив Ардын нам 66 мандат, Төв үзэл баримтлагч "Иргэд” нам 57 суудал, "Нэгдэгчид, бид чадна” зүүний үзэлт эвсэл 42 суудал, хэт барууны үзэл баримтлагч "Вокс” нам 24 суудал авчээ. Энэ удаагийн сонгуульд сонгогчид харьцангуй идэвхтэй оролцож, сонгуулийн ирц 75 хувиас давсан байна. Өмнө нь 2016 онд болсон сонгуулийн ирц 66.48 хувьтай байжээ.
Испанийн хоёр танхимтай парламентын сонгууль ням гарагт өглөөний 09 цагт эхэлж, 20 цагт дууссан байна. Уг сонгуулиар Конгрессын 350, Сенатын /дээд танхим/ 208 гишүүнийг сонгожээ.
Бүх нийтийн сонгууль Испанид 2020 онд болох ёстой байсан боловч Засгийн газраас өргөн барьсан энэ оны төсвийг Конгрессын гишүүд батлаагүйтэй холбоотойгоор Педро Санчес ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Сүүлийн хэдэн жилд Испанид хугацаанаас өмнө сонгууль зарласан гурав дахь тохиолдол нь энэ аж.