“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр "Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Тэгвэл уг төслийн Барилга байгууламжийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.4.29/ Алтай хотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, төслийн ерөнхий гүйцэтгэгч "Ти Ар Эм” ХХК-ийн төслийн удирдагч Андрэй болон бусад төлөөлөгчид оролцлоо.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нээлтийн үеэр хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх”-ээр тусган, уг ажлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцан гүйцэтгэж байна. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас "Тайшир-Алтай” ус хангамжийн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2016 онд боловсруулж баталсны дагуу 14 сая еврогийн хөнгөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх "Тайшир-Алтай ус хангамж” төслийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн онцоллоо. Цаашид энэ төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж дуусгахад Барилга, хот байгуулалтын яам байнгын хүчин чармайлт гаргаж, анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Алтай хотын ус хангамжийн усны нөөцийн одоо ашиглаж байгаа эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаагаас гадна усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөдрийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Урьд өмнө хийгдсэн газрын доорхи усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлагыг хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Тэгвэл Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Тайшир-Алтай ус хангамж” төсөл нь Говь-Алтай аймгийн төвийн ус хангамжийн одоо ашиглаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.
"Тайшир-Алтай” төсөл нь гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан хүн ам, үйлдвэр, фермерийн аж ахуйн ус хангамжийг шийдвэрлэх ба Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцлийг сайжруулах зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Сэтгэгдэл байхгүй байна.