Бодлогын дуусдаггүй нүүдэл хөгжлийн чөдөр болжээ
Төрийн бодлогын алтан аргамж яамнаас яамны хооронд бөмбөг шиг өнхөрсөөр Монгол Улсаа хөгжүүлье хэмээн хэн хүнгүй, хөгшин хөвөөгүй ярьж хэлж, мэтгэж маргах зуур эх орны хөгжлийн урт хугацааны стратеги даргаас даргын хооронд дарцаг шиг хийсэж, хээрийн салхинд туугдсан хамхуул шиг дэрвэсээр олон жилийг үдэж байна. Монголчууд наян жил туулсан замаасаа хагацаж, хөгжлийн шинэ хуудсаа эхлүүлсэн сүүлийн 30 орчим жилд төрийн бодлогын алтан аргамж яамнаас яамны хооронд бөмбөг шиг өнхөрсөн хэдэн хуудас цаас л боллоо.
Нийгэм, эдийн засгийн бодлогоо төвлөрсөн төлөвлөгөөгөөр удирддаг байсан социализмын үед улсын хөгжлийн стратегийг Улсын төлөвлөгөөний комисс хариуцдаг байв. Уг комисс Монголын хөгжлийн бодлогыг нэг, тав, 10-20 жилээр томьёолон боловсруулж, үе шаттай хэрэгжүүлдэг байлаа. Харин нүд ирмэхийн зуур зах зээлийн эдийн засаг руу туугдаад орчихсон Монгол Улс 1990 онд энэ үүргийг тухайн үед Сангийн яамны үүргийг гүйцэтгэж байсан Нийгэм, эдийн засгийн улсын хороонд таван сарын хугацаатай даатгасан байдаг.
Удалгүй Үндэсний хөгжлийн яам байгуулж, улсынхаа ирээдүйн луужинг тусгайлсан хариуцуулсан аж. Ингээд хөгжлөөр дагнасан, мэргэжлийн яам улсын урт хугацааны бодлогыг залж эхэлсэн ч нэг их удалгүй уг чиг үүрэг өөр байгууллагын үүдийг татаж, Сангийн яам руу шилжсэн байна. Гэвч төвхнөөд удаагүй Сангийн яамнаас нь салгаж, өнөөх бодлого төлөвлөлтөө 1993 онд Үндэсний хөгжлийн газар нэрээр "өрх тусгаарлуулжээ”. Гуравхан жилийн дотор гурван ч байгууллагын бөөрөнд наалдаж, олон ч даргын гар дамжсан улсын бодлого төлөвлөлт сая нэг тусгайлсан чиг үүрэг бүхий газрын хормойд багтах нь гэтэл бас л бүтсэнгүй. Мэргэжлийн байгууллагынхаа баруун хаяанд гурван жил болоод Санхүү, эдийн засгийн яам руу нүүжээ. Уг яам улсын хөгжлийн цогц бодлогыг чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн урт хугацаа буюу 13 жилийн турш тодорхойлсон байдаг.
Гэвч 2009 онд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсруулж, төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, тооцоо судалгааг хийлгэхээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулсан ч гурван жил болоод татан буугдаж, зүсээ өөрчилсөн. Ингээд гурван жилийн хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлагийн мэдэлд байсан улсын хөгжлийн цогц бодлого дахиад л яамны харьяанд шилжсэн нь Эдийн засгийн хөгжлийн яам. Ингэж Монгол хөгжлийн зураглал яам, тохируулагч агентлагийн хооронд нааш цааш үсэрч, олон газар, хэлтсийн гараар оржээ.
Эдийн засгийн хөгжлийн хоёр жилийн хугацаанд голлох салбаруудад төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, дунд, урт хугацааны замын зураглалуудыг салбар тус бүрээр нь тодорхойлж байтал уг яамыг 2014 онд татан буулгачихав. Ингээд эцэг яамгүй болсон хөгжлийн бодлого дахиад л Сангийн яамны хаяанд иржээ. Байдгийнхаа баруун хаяанд хоёр жилийг үдсэн хөгжлийн бодлого 2016 онд Үндэсний хөгжлийн газрын хамаарах чиг үүрэгт багтсан ч Сангийн яамтай эрх мэдлээ хуваалцсаар.
Хөгжлийг Монгол хүн бүр хэлдэг бас хүсдэг. Гэвч хөгжлийг цогцлоох бидний стратеги төлөвлөлт олон олон байгууллагын гараар орж, эрэмдэг зэрэмдэг, эвдэрхий хэмхэрхий болчихоод байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого 16 жилийн турш Сангийн яамны мэдэлд, 11 жилийн турш зургаан байгууллага дамжжээ.
Эдгээрийг бүрчлэн ийн тоочсоны учир нь энэ бүх өөрчлөлт хэдхэн байгууллагын чиг үүргийг хольж сольсноор дуусахгүй. Харин үүний цаана төрийн бодлогын төлөвлөлт тооцоолол, түүнийг гүйцэтгэж байсан албан хаагчдын мэдлэг туршлага, залгамж халаа, нэгдсэн уялдаа холбоо хөгжлийн бүх үнэт зүйл хөл толгойгүй болтлоо хөндөгдөж, хөдөлдөг. Улмаар хөгжлийн залгамж халаа, бодлогын тогтвортой байдал тоостой адил замхарч, дарга дамжин өнхөрсөн бодлогын хөлд Монгол Улс бүхэлдээ чирэгдэж байна. Сонгуульд ялсан улстөрчдийн хурууныхаа үзүүрээр хөдөлгөчихдөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хариуцах байгууллагын халаа сэлгээ өнөөдөр Монголыг тамын тогоо руу түлхэж байна.
Шинэ Засгийн газрын тоогоор зүсээ хувиргах нь холгүй байдаг хөгжлийн бодлого боловсруулагчид "Үндэсний хөгжлийн цогц бодлого”-оор овоглосон уртаас урт баримт бичгүүдийг танилцуулдаг ч сүржин нэртэй эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт даана ч даржин. Үндэсний хөгжлийн цогц бодлого эцэстээ үлгэрийн далай болоод дуусах нь олонтоо.
Монгол Улс өчнөөн олон жилийн турш таваарын ханшийн аясаар савлаж, байсхийгээд л олон улсын байгууллагууд руу бадар барьж гүйдгийн шалтгаан нь энэ.
- Хөгжлийг цогцлоох бидний стратеги төлөвлөлт олон олон байгууллагын гараар орж, эрэмдэг зэрэмдэг, эвдэрхий хэмхэрхий болчихоод байна.
- Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого 16 жилийн турш Сангийн яамны мэдэлд, 11 жилийн турш зургаан байгууллага дамжжээ.
- Улмаар хөгжлийн залгамж халаа, бодлогын тогтвортой байдал тоостой адил замхарч, дарга дамжин өнхөрсөн бодлогын хөлд Монгол Улс бүхэлдээ чирэгдэж байна.
Алсын хараа, урт хугацааны, тогтвортой замын зураглалгүй, түүнийг зангидаж боловсруулах нэгдсэн байгууллагагүй бид өнөө маргаашаа л аргацаахаас өөр өсөж өндийж буй юм алга.
Гэтэл алсын хараагаа тодорхойлж төлөвлөгөөгөө гаргачихсан улс орнууд хөгжлөөрөө биднээс улам тасарсаар. Ийм жишээг бид холоос хайх хэрэггүй. Хөгжлийн бодлогын хэрхэн төлөвлөж, түүнийг яаж хэрэгжүүлдгийг манай хоёр хөрш бодитоор харуулсаар.
Тухайлбал, хойд хөршийн хөгжлийн бодлогыг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам тодорхойлдог. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн эрхэнд гармагцаа анх Худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх яам байгуулж байжээ. Гэхдээ хилийн чанад дахь экспортоо өргөжүүлэх шаардлагатай болсон тул худалдаагаа тусад нь гаргаж, бие даасан яам байгуулжээ. Харин бууриа сахин үлдсэн Эдийн засгийн хөгжлийн яам эдүгээ хойд хөршийг танигдахын аргагүй болтол нь хөгжөөн дэвжээж байна. Хэдхэн жилийн өмнө газрын тосноос өөр тулх баганагүй, ганц хөлтэй байсан хойд хөршийн эдийн засаг хөдөө аж ахуй, эрчим хүч, инновацад тулгуурлан улам хүчирхэгжсээр.
Урд хөршид ч ялгаагүй. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоороо улсынхаа цогц бодлогыг зангидуулаад 15 жилийг үдэж байна. Энэ байгууллага тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, эдийн засгийн системийн шинэчлэлийг түүчээлж, тогтвортой өсөлтийг хангахад анхаардаг. Энэ улсын эдийн засаг өнгөрсөн 15 жилийн хугацаанд ДНБ-ий хэмжээгээрээ "дэлхийн номер 2” тоглогч болтлоо өргөжиж тэлж, хэзээ мөдгүй АНУ-ыг ардаа орхих, тэргүүн эдийн засаг болох гэж байна.
Энэ мэт улс орон бүр хөгжлийн бодлогоо тууштай, түүнийгээ тогтвортой бодлогын дор цогцоор нь урагшлуулж, улсынхаа хөгжлийг улам дэвжээн, тэтгэж байна. Гэтэл бидний урт хугацааны нэгдсэн бодлого, түүнийг хариуцах эзэн нь хуй салхи шиг хувьсан өөрчлөгдөж байхад улс орны хөгжлийн бодлого, тогтвортой өсөлтийн талаар яриад ч хэрэггүй болох нь харагдаж байгаа юм.
Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дэх хэн ч атаархам их эрдэнэс баялаг, геополитикийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй байрлал, өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Байгалиас заяагдсан ийм хосгүй өгөгдлүүдтэй бид нэгэн зүгт харж, тогтвортой урагшилбал Монгол Улсыг сэвхийтэл босгоод ирэх боломж байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.