Хятад улс АНУ-д хариу татвар ногдуулжээ
Хятад улсын АНУ-аас импортолж буй 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Хятадын 200 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10-аас 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх шийдвэрийг АНУ-ын эрх баригчид гаргасны хариуд Хятад улс ийм арга хэмжээ авжээ.
Өнгөрсөн 5 дугаар сарын 10-нд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10-аас 25 хувьд хүргэж нэмэгдүүлэхийн зэрэгцээ үлдсэн 300 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тушаасан байна.
Хятадын Сангийн яамны нийтэлсэн жагсаалтад дурдсанаар, хариу арга хэмжээ болгон Хятад улс 6 дугаар сарын 1-нээс эхлэн 2493 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь, 1078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 20 хувь, 974 төрлийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулжээ. Түүнчлэн 595 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг 5 хувь хэвээр үлдээж байгаа аж.