АСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана
Зүүн Өмнөд Азийн орнууд 2034 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана гэж Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын ээлжит уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр П.Чан-Оча ийнхүү хэлсэн байна.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг ДАШТ-ийг Ази тивд ганцхан удаа буюу 2002 онд Япон, БНСУ хамтран зохион байгуулж байсан бол 2022 оны ДАШТ Катарт болох юм.
"АСЕАН-ы удирдагчид 2034 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг бүс нутагтаа зохион байгуулах саналыг дэмжсэн. Энэхүү мөрөөдлийг биелүүлэхийн тулд хөл бөмбөгийн холбоодоо дэмжихийг Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэдэд уриалж байна” гэж Тайландын Ерөнхий сайд хэлжээ.
АСЕАН-ы 10 гишүүнд Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Бруней багтдаг бөгөөд тус бүс нутаг нь 640 сая гаруй хүн амтай юм. ДАШТ-ийг хэрхэн хамтран зохион байгуулах талаар цаашид нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг тус байгууллагын гишүүн орнууд онцолсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.