Үндсэн хуулийн ард Оюутолгойг нуув уу?
Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэх асуудал саяхан л улс төрийн хүрээний гол сэдэв байлаа. УИХ-д байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг жил гаруй хугацаанд хийсэн дүгнэлтээ гишүүдэд танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд үнэндээ нааштай зүйл байгаагүй. Тэд Оюутолгойн гэрээний зарим заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзэв. Тус дүгнэлтийг парламент үргэлжлүүлэн хэлэлцэж, ямар нэгэн шийдэл, дүгнэлтэд хүрэх байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлт яриад л Оюутолгойн асуудал таг чиг болчихлоо.
Мөн Ажлын хэсгийн тухайн дүгнэлттэй зэрэгцэн АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн дүгнэлтийг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн билээ. АТГ-аас хийсэн шалгалтаар Оюутолгойн гэрээтэй холбоотой маш ноцтой баримтууд тогтоогдсон байдаг. Үүнийг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал ажлаа өгөхийнхөө өмнө хэлж байв. Түүнчлэн аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтаар ч тийм нааштай хариу гараагүй. Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар мөн л "Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч парламентад байна” гэж хэлээд албан тушаал өгч байв. Үүнийг тэр зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Ийнхүү Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт парламент дээр гацаж, хууль хяналтын байгууллагын дүгнэлт ҮАБЗ-ийн гурван гишүүний сейфэнд Улсын нууц гэсэн тэмдэгтэйгээр хав дараатай байх болов.
Уг нь Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй байх нь монголын ард түмний хувь заяатай шууд холбогдох асуудал. Энэ асуудал УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, эх оронч улстөрчдийн хувьд том сорилго байлаа. Хууль хяналтын байгууллагын дүгнэлт нь нэгэнт гарчихсан, УИХ дахь ажлын хэсэг нь "ашиггүй” гээд хэлчихсэн байдаг. Бүх зүйл тов тодорхой байхад энэ асуудлыг хойшлуулж гацаахгүйгээр шийдсэн бол улстөрчдийг үнэлэх байв. Улс орныхоо хөгжлийн төлөө байгаа парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар юм бол энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцээд арга хэмжээ аваад л явах байсан даа. Гэсэн ч эсрэгээрээ улстөрчид Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгалт, дүгнэлттэй танилцсан ч бүлхи залгисан мэт дуугүй байх болов. Одоо ч бүүр энэ асуудал анхаарлын төвд байхаа болив.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээг шалгах УИХ дахь ажлын хэсгийн санал дүгнэлт, парламентаар хэлэлцэгдэхээс өмнө "Риотинто”-гийн мэдэлд очсон байдаг. Гишүүд байр сууриа илэрхийлэхээс өмнө компанийн удирдлагууд гэрээнд үг, үсэг, таслалын ямар ч өөрчлөлт оруулахгүй гээд шууд л хэлчихсэн. Үүний хариу мэдэгдлийг хэн ч явуулж чадаагүй. Монголын төр засаг яаж ч чадахгүй барьцаалагдчихсан байдаг юм. Ичсэн нэрэндээ тэд Оюутолгойн гэрээний шалгалтын дүнг нууж, мартагнуулахаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг олны анхааралд оруулж ирэв дээ янз нь. Ингэж улстөрчид Оюутолгойг мартаад, Үндсэн хууль гэж ярьж эхэлсэн байдаг юм. Нэг томоохон дуулианыг нөгөөгөөр нь дарах аргыг л тэд хэрэглэж байна. Бас нэг бодууштай зүйл нь энэ аргыг манай хэд өөрсдөө бодож олсон л байгаа даа. Арай гаднаас, далайн цаад талаас манай парламентыг удирдаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулчих юм биш байгаа. Уг нь үзэл баримтлалдаа үнэнч парламент бол эхлээд Оюутолгойн гэрээ, түүний араас Үндсэн хуулийн өөрчлөлт ярих байсан юм. Гэтэл гэнэт Үндсэн хууль өөрчлөхөөр улайрч эхэлсэн нь нөгөө талаар Оюутолгойг л мартагнуулах хэн нэгний арга байх даа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН
Сэтгэгдэл байхгүй байна.