Д.Дамба-Очир: “Оюутолгой”-н гэрээг цуцлах талаар ажлын хэсэг ярихгүй
УИХ-ын даргын захирамжаар "Оюутолгой” төслийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Дамба-Очир ахалж буй юм. Түүнээс гэрээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Танай ажлын хэсэг ямар чиглэлээр шалгалт хийж байна вэ?
-Бид бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Бас дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан. Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Ажлын хэсгийнхэн "Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөөд байна.
-Ажлын хэсэг "Оюутолгой”-н удирдлагуудад тодорхой санал тавих уу?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг ажлын хэсэгт өгөх ёстой. Үүнээс гадна бүх талаар тусалж ажиллах боломжоор хангах хүсэлтийг бид компанийн удирдлагуудад тавина. Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна.
-Шалгалтын хүрээнд ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж байсан. Энэ талаараа тодруулбал?
- Ажлын хэсгийг шалгах явцад нэг зүйл анзаарагдсан. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монголд ирэх үр өгөөжийн асуудлыг монголчууд их сонирхдог юм байна. Маш их хүлээлттэй байдгаас гадна энэ гэрээг сайжруулахыг хүсдэг гэдгийг анзаарлаа. Тиймээс ажлын хэсгийнхэн гэрээг сайжруулах талд тухайлан ажиллана. Энэ гэрээний тухайд хамгийн гол нь Монгол Улсад төлөх татварын зөрчлүүдтэй холбоотой байдаг. Дээрээс нь 34 хувийн өндөр хүүгээс гадна "Оюутолгой” компани цөөнгүй төрлийн шимтгэл авдаг. Өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн шимтгэл авч буйг бид эргэж харна. Ажлын хэсгийн гол зорилго нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх юм. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Оюутолгойн гэрээг цуцлах тухай ойлголт байхгүй. Энд асар том бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Гүний уурхайн ажил маш эрчимтэй явж байгаа учраас энэ бүгдийг зогсоох тухай асуудал байж болохгүй гэж бид үзэж байгаа.
-Оюутолгойн гэрээг сайжруулах боломж хэр байгаа гэж та бүхэн харж байна вэ?
-Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгийг дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг болсон байна. Үүнийг "Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байгаа. Энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөхөөр ажиллана. Ялангуяа, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.