Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна
-Хууль зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг хэзээ зогсоох вэ-
Бид Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ачтан” эмнэлгийн урд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд сургалтын төв гэх нэртэй гурван давхар барилгын ажил эхэлсэн талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэрхүү барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах зарим бичиг баримтыг олон хууль, тогтоомж зөрчин байж олгосон талаар ч дурдсан.
Гэтэл дээрх ажлыг эхлүүлэхийн тулд хатгасан хашаагаа улам бүр тэлж барьж байгаа нь тухайн аж ахуйн нэгж хэр их эрх мэдэл, мөнгөөр далайлгаж буйг нотлох мэт.
Нийслэлийн Засаг даргын өөрийнх нь томилсон албан тушаалтнууд өмнөх захирамжийг нь зөрчин байж, зөвшөөрөл олгосон байхад Нийслэлийнхэн хийгээд барилгын салбарын холбогдох мэргэжилтнүүд ч үл тоож байна.
Ингэж хэлэхийн учир нь иймэрхүү хууль зөрчин барьж буй барилгын ажлыг МХЕГ-ынхан зогсоох учиртай байдаг. Учир нь тэдэнд төрөөс бүхий л эрх мэдлийг нь өгч "Улсын байцаагч” гэх нэр хүндтэй албыг өгсөн. Гэтэл тэд хэвлэл мэдээлэлээр гарч буй энэхүү нийтийн эзэмшлийн талбай хийгээд 10-хан алхам газарт барилгын ажил явж буй тухайг мэдсэн хэрнээ мэдээгүй дүр эсгэж өнөөг хүртэл таг суугаа нь хачирхалтай.
Мэргэжлийн хяналтын төв байгууллага нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих, хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхтэй гэхчилэн хуульд заасан байдаг.
Гэтэл өнөөдөр автозамын зорчих хэсгийг хашиж, ургаа моддыг нь булга татан хашаагаа хатгаж, суурийн нүхээ ухаж эхэлсэн тэрхүү барилгын эзэдэд хуультай, дүрэм, журамтай Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буйг нь хэн ойлгуулах вэ.
Ойлгуулах ёстой хүмүүс нь төрийн байгууллагынхан атал барилга барих зөвшөөрлийг нь олгосон Хот байгуулалт, хөгжлийн дэд дарга Ч.Бум-Эрдэнэ, цуцлах эрх бүхий мэдэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нар ч өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй тус барилгын ажлыг явуулсаар байгаа нь авлига үнэртэж байна гэж хэлээд буй хэрэг.
\Энэ сарын 05-ны өдөр Ч.Бум-Эрдэнийн олгосон барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ/
Тиймээс зөвшөөрөл өгсөн төрийн байгууллага нь нүдэн балай чихэн дүлий сууж байхад МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нар энэ асуудлыг огтоосоо ч тоохгүй байгаа нь хачирхалтай.
Эсвэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр заавал ямар нэг осол, эндэгдэл гарсан хойно нь тухайн газарт тулж ажиллах хэрэг үү.
Угтаа бол МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар ажил нь дөнгөж эхэлж буй энэ үеэс л хууль, дүрмийг чандлан мөрдүүлэх үүргээ биелүүлбэл дараа, дараагийн удаа барилгын чанар биш юмаа гэхэд орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх алхам болохсон.
Мөнгө, эрх мэдлээр далайлган, автозам руу шахаж барьсан хичнээн барилга хэдэн хүний аминд хүрсэн билээ. Энэ бүх осол эцсийн бүлэгтээ туслан гүйцэтгэгчийн буруутай үйлдэл болж хувирдаг гэдгийг хүн бүр мэдэх болсон. Тиймээс тэдгээр ослыг давтахгүйн тулд Мэргэжлийн хяналтыхан мэргэжлийн ажлаа л хиймээр байх юм. Тиймээс Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Мэргэжлийн ажлаа хийгээчээ.
Үргэлжлэл бий…
Нийгмийн толь
Сэтгэгдэл байхгүй байна.