“Шөлөндөө”-гийн өттэй шөлөөр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүг дайлъя
Уг нь Н.Цагаанхүү гэх даргатай Мэргэжлийн хяналтын газар гэж байдаг ч чухам ямар ажил хийгээд байна вэ. Үүнээс гадна Л.Эрдэнэчулуун даргатай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ч гэж бий. Дүүргийн Мэргэжлийн хяналтийн хэлтэс ч гэж байх учиртай. Суудлаасаа хагцах вий гэж айсан энэ байгууллагын дарга нар ямархан ажиллаж байгааг ч "Шөлөндөө”-гийн өттэй шөл хэлж өгч байна. Тэгэхээр ажлаа хийдэггүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг "Шөлөндөө”-гийн өттэй шөлөөр дайлахад яагаад болохгүй гэж. Ингээд болохгүй бол Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүүг "Шөлөндөө”-д нэг оруулаад гаргахад гэмгүй санагдана.
Нөгөө талаар МХЕГ-ын алба хаагчид авлига авахдаа уургын морь шиг хэрнээ ажлаа хийхдээ ургаа хад мэт байгааг юу гэж үзэх вэ. МАН-ын Хяналтын албаны даргаар ажиллаж байсан, тус намаас томилолт авсан Н.Цагаанхүү гэх нөхөр төрийн ажлыг яаж явуулаад байна вэ. Ойрын жишээ дурдахад тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь түүний ажлаа ямархан хэмжээнд явуулж байгааг харуулсан хэрэг. Тэр ч бүү хэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан баримтыг ч албан эх сурвалж дэлгэсэн. Энэ мэт МХЕГ-т байгаа эмх замбараагүй байдал хэзээ эцэс болох вэ. Шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хууль бас дахин хууль” хэмээн цээжээ дэлдээд байсан. Гэтэл нэг агентлаг газрынхан нь бүлгээрээ авлигын хэрэг үйлдчихээд байхад Н.Цагаанхүүдээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. "Шөлөндөө” мэт нийслэлийнхэнд өттэй хоолоор үйлчилдэг энэ газруудыг хариуцах ёстой байгууллага нь НМХГ, түүний дарга Л.Эрдэнэчулуун биз дээ. Өнгөрөгч намар сэтгүүлчээс мөнгө нэхэмжлээд явж байсан НМХГ-ын дарга энэ мэт асуудалдаа анхаарвал сайн байна.
Энэ бүхий л зүйлээс харж байхад Гүйцэтгэх засаглал хариуцлага тооцож чадахгүй байна. Дээд тал нь ийн сул дорой ажиллаад байхаар МХЕГ авлигадаа идэгдэн сууж байна. МХЕГ ийм болохоор НМХГ ийм л дорой байна. НМХГ ямар ч хариуцлага тооцож чадахгүй ажиллаж байхад дүүргийн МХГ ч ийм л байгааг "Шөлөндөө”-гийн өттэй шөлнөөс харж болно.
Х.Баатар
Шуурхай.мн