Зөвшөөрөлгүйгээр дөрвөн барилга барьсныг холбогдох албаныхан мэдээгүй сууж байна гэв үү
Монголчууд бид дэлгэр зуны наадмаа дэнж хотойтол хийж, Хүй мандлын хөндий, Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээгээ тойрон сайхан наадацгаасан. Идэр залуухан аваргатай, эрхий мэргэн харваачаар нь ч шинэ залуу хүн тодорч, газар газрын уяачдын шандсыг нь сойсон хурдан хүлгүүд уясан эзэд, унасан хүүхдээ баясган Төв цэнгэлдэх хүрээлэндээ цолоо дуудуулснаас хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Наадам дуусаж, найр хавтгайрсан энэ үед яагаад заавал үүнийг дурдах болов гэж уншигч та гайхаж буй нь лавтай. Жилээс жилд жижгэрч буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай орчим өндөр барилгад хүрээлүүлж, цэц сорих ч газаргүй болсныг онцлох гэсэн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд барилга шавуулснаас болж харваачид цэц мэргэнээ сорих сурын талбайгүй болоход хүрээд буй билээ. Газрын наймаачдын золиосонд өртсөн тухайн хэсэгт хэдэн жилийн дараа баяр наадмаа тэмдэглэхээ больж, Хүй мандлын дэнжид хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүнийг далимдуулаад сурын талбайн баруун талд ямар ч зөвшөөрөлгүйгээр гэж хэлэхэд хилсдэхгүй барилгын ажил эхлүүлжээ. Уг нь орон сууц, зам, гүүр, сургууль, цэцэрлэг гээд аливаа барилгын ажлыг эхлүүлэхийн тулд холбогдох байгууллагуудаас олон тооны бичиг баримт бүрдүүлэн авдаг.
Анх 100 гаруй бичиг баримт бүрдүүлдэг байсан бол өдгөө хүнд суртал, хээл хахуулийг багасгах үүднээс гарын үсэг зурдаг эрх мэдэлтнүүдийн тоог цөөлөөд буй. Гэхдээ Монгол Улсад засаг захиргаа гэж байгаа болохоор хаана юу барихаа харьяалах байгууллага, нутаг дэвсгэр нь шийдэж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог нь хэвээрээ. Барилга бариулж буй аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн ЗДТГ-т хүсэлтээ гаргаж, тухайн газраас барилгын байршил тогтоосон тухай шийдвэр, мэдэгдэх хуудас, байршлын схем, зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ, газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Газрын харилцаа, Барилга, геодези зураг зүйн газрын Улсын экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт, барилга барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт, экспертизээр хянуулсан, ерөнхий төлөвлөгөөний зургаа Улаанбаатар хотын ерөнхий архитектор, дүүрэг хариуцсан архитектороор батлуулсан хуудас, ОБЕГ-ын зөвшөөрөл гэх зэрэг бичиг баримт бүрдүүлдэг билээ.
Гэтэл сурын талбайн баруун талд "Мөнхсайн санаа” ХКК-ийнхан 414 айлын орон сууцны 23 давхар дөрвөн барилга дээрх зөвшөөрлүүдийг бүрдүүлэлгүй барьчихаад байхад Хан-Уул дүүргийн удирдлага ч, нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан ч, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан нь юу ч болоогүй мэт хараад сууж буй юм. Үүнийг хэрхэн ойлгох вэ. Магадгүй холбогдох байгууллагын ажилтнууд МХЕГ-ын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдан, оймсондоо нуусан эрх бүхий албан тушаалтан шиг шан харамжаа "нимгэлж ирэх” тушаал өгөөд юу ч болоогүй мэт сууж байв уу.
Уг нь "Мөнхсайн санаа” компанид Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2018 оны наймдугаар сарын 28-ны А/773 тоот шийдвэрээр 8510 ам метр газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших гэрчилгээ олгожээ. Тэндээ доороо нэгдсэн зогсоолтой 414 айлын орон сууцны хотхон барихаар тус компанийнхан төлөвлөж, захирал Д.Батсанаагийн гарын үсэгтэй хүсэлтээ энэ оны гуравдугаар сарын 21-нд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлжээ. Уншигч та зураг дээрээс орон сууцны барилгуудын гадна карказын дийлэнх хэсэг нь боссоныг харж байна. Хавар барилгын ажил эхэлснээс болон хүсэлт гаргаснаас хойших 3-4-хөн сарын хугацаанд дөрвийн дөрвөн барилгыг сүндэрлүүлчихээгүй нь лавтай. Түүнээс өмнө буюу өнгөрсөн намраас барилгыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьж эхэлсэн байх магадлалтай юм. Энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тодруулахаар хандсан ч ямар нэг мэдээлэлгүй сууж байна.
Харин Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын оршин суугчид "Ноднингийн наадмаар л сурын талбайн баруун талд хашаа хатгачихсан байсан шүү дээ. Худлаа гэвэл ноднингийн наадмын үеийн сур харваачдын бичлэг, зургаас хараарай. Түүнээс хойш удалгүй барилга барьж эхэлсэн. Зөвшөөрөлтэй, үгүйг нь мэдэхгүй” хэмээсэн юм.
Тэгвэл "Мөнхсайн санаа” ХХК-ийнхан хууль, дүрэм, журам зөрчиж дөрвөн объект босгосныг тогтоож, нэг сая төгрөгөөр торгож байсан тухай баримт бидэнд олдлоо. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ оны тавдугаар сарын 15-нд Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд "Мөнхсайн санаа” ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн үндэслэлээр албан шаардлага өгч байжээ. Уг шаардлагад дурдсанаар Барилгын тухай хуулийн 27.1, 28.2.1, 28.2.2 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүй, барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэргүй, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтгүйгээр ажлаа эхлүүлсэн. Мөн нийслэлийн ИТХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 8.1.1-т "Нутгийн захиргааны болон эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмших, барилга байгууламж барих”, 8.1.5 дахь хэсэгт "Архитектур, төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулах, батлагдсан эх загвар зураггүйгээр ажлын зураг төсөл боловсруулах”, 8.1.8-д заасан "Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлүүлэх, үргэлжлүүлэх”-ийг хориглосон заалтыг зөрчсөн байгаа юм. Хууль, журам зөрчсөн үйлдэлд нь холбогдох газраас ердөө нэг саяар торгох шийтгэл ногдуулсан нь ам метр талбайгаа 1.5 саяас дээш төгрөгөөр үнэлж буй барилгын компаниудын удирдлагад нэг үдэш "шоудах” мөнгөнийх нь хэмжээнд ч хүрэхгүй нь лавтай.
Нийслэлд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлсэн хэчнээн барилга байгааг нарийвчлан шалгаж, түүний ард зөвшөөрлийг нь гаргаж өгнө хэмээн төрийн хэчнээн албан хаагч оймсоо хахтал валют авч суугаа бол гэдгийг хэн ч одоогоор мэдэхгүй байна. Магадгүй нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийнхан, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар, ус, дулаан хангамжийнхан, цахилгаан түгээхийн инженерүүд, онцгой байдлынхан гээд оймсоороо дүүрэн валюттай болохыг хүссэн хүмүүсийн албан ёсны бус зөвшөөрлөөр л барилгын ажлаа эхэлчихээд, барьсан хойноо, иргэдийн оруулсныхаа дараа хүчээр ч хамаагүй зөвшөөрөл авчихна гэж сэтгэж суугаа компанийн удирдлага байхыг үгүйсгэхгүй.
Бидэнд олдсон мэдээллээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн дагуу арга хэмжээ авахыг албаны хүмүүст анхааруулсан сурагтай. Үүнийх нь дагуу ямар арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгыг хэрхэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: Unuudur.mn
Сэтгэгдэл байхгүй байна.