Аавыгаа дагаж тамирчин болсон эгч, дүүст их зорилго бий
Хүүхэд байхаасаа мото спортод хөл тавьж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн охид бол А.Анар, А.Алтжин. Тэд мото спортын тамирчин, ОУХМ Э.Амгалангийн охид. Аав нь охидынхоо сонирхлыг дэмжиж, мэргэжлийн тамирчин болох гарааг нь эхлүүлжээ. 2012 онд анхныхаа тэмцээнд оролцож байсан бол өдгөө олны танил тамирчин болсон.
2014 онд А.Анар өөрийнхөө дуртай спортоор хоёр жил хичээллээд мото спортын 65 сс ангиллын "Оны шилдэг тамирчин”-аар шалгарсан бол Ази тивийн аварга, ОУХМ Э.Халиунболд багш нь "Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч байв. Ийн багш, шавь хоёрын тэмцээний амжилт, уралдааны зам дээрх ур чадвар, авхаалж самбаа мото спорт сонирхогчдыг ихэд баярлуулсан гэдэг.
Охидын хувьд дэндүү эрсдэлтэй, эр зориг шаарддаг энэ спортод А.Анар дүүгээ урвуулж чадсан. Ингээд "Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагч, спортын мастер А.Анар, спортын дэд мастер А.Алтжин нарыг "Залуус” буландаа зочноор урьж ярилцав.
-Өнгөрсөн зун хэр үр дүнтэй амрав. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Та хоёр шинэ сургуулийн сурагч болжээ. Ангийнхаа нөхөдтэй танилцаж амжсан уу?
А.Анар: Хаврын тэмцээнүүдэд оролцсоны дараа бид хоёр уралдааны бэлтгэл базааж, зуны амралтаа өнгөрүүлдэг. Бусад хүүхэдтэй харьцуулахад бидэнд чөлөөт цаг бага гардаг. "Улаанбаатар Эмпати” сургуульд шилжиж ирээд удаагүй болохоор ангийнхаа нөхөдтэйгөө сайн танилцаж амжаагүй байна. Сургуулийнхан маань биднийг тамирчин гэдгийг мэдсэн байна билээ. Шинэ орчинд дасах амаргүй л дээ.
-Миний хувьд та хоёрыг багаасаа мото спорт сонирхож, хичээллэснийг тань мэднэ. Аав тань эр зоригийн спорт руу та хоёрыг тамирчин болгохоор уруу татсан байх аа?
А.Анар: Биднийг бага байхад мото спортын тэмцээн байнга болдог байв. Аавыгаа хэрхэн уралдахыг нь харж өссөн. 2012 онд Монголд ААШТ болоход дүүтэйгээ үзлээ. Тамирчдын дүүлэн нисэхийг хараад тэдэн шиг болъё гэж бодсон. Тэр тэмцээн хэдэн өдөр бодлоос минь гараагүй. Бид тамирчин болох тухайгаа аавд хэлэлгүй нэг хэсэг нууж явсан. Учир нь охид мотоциклоор уралдах эрсдэлтэй тул татгалзах байх гэж эмээсэн юм. Мото спорт сонирхож үздэг охид нь тамирчин болох мөрөөдлөө чимээгүйхэн ярилцаад явааг аав гадарлаж, нэг өдөр хоёр жижигхэн мотоцикл авч өгсөн. Баярласан гэж жигтэйхэн. Түүнээс хойш дүүтэйгээ тэмцээнд оролцдог болсон.
А.Алтжин: Анхны тэмцээнд туршлагагүй оролцохдоо уралдааны замд гараагаа мэдэхгүй будилж зогссоноо одоо ч ярьж инээлдэг юм. Тэр тэмцээнд чамлахааргүй амжилт гаргаж, эгч дэд, би гуравдугаар байрт шалгарсан. Аав тэмцээний дараа бидэнд уралдааны зориулалтын хувцас бэлэглэсэн. Тэр үед эгч найман настай, би зургаан настай байв.
-Өглөө хичээлдээ явна, өдөр усанд сэлнэ, орой даалгавраа хийнэ гээд энэ бүхнийг амжуулах амаргүй байхдаа?
А.Анар: Шалтаг тоочилгүй өөрөөс шалтгаалах бүхнээ зохицуулна гэж боддог. Олон жил уралдсан болохоор спортын жаргал, зовлонг мэднэ, тэр ч хэрээрээ хатуужил, тэвчээртэй болсон. Туршлагажих тусам уралдаанд алдаа бага гаргаж, ухаан суудаг юм билээ.
А.Алтжин: Би ядраад унтчих гээд байдаг болохоор эгч өглөө эрт босоод "Алив босоорой, хичээлдээ явъя” гэж шавдуулдаг. Тэмцээн дөхөхөөр бага зэрэг сандарч, уралдаанаас өөр зүйл боддоггүй. Яаж амжилттай уралдах вэ гэж бодоод байхаар хоол ч хоолойгоор давахгүй. Мото спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид Монголд байтугай Азид цөөн. Гараанд орж ирэхэд "Та хоёрын уралдааныг харах гэж зорьж ирлээ. Сайн байна, амжилт хүсье, дараагийн гараанд дахин түрүүлээрэй. Шантарч болохгүй шүү, хичээгээрэй” гэж урам өгдөг.
-Уралдааны замд тааварлаж тооцоолоогүй зүйл олон гардаг. Тийм үед аавынхаа захиж хэлсэн үгийг байнга боддог биз.
А.Анар: Бид өөрийн гэсэн тактиктай. Түрүүлэх нь гол биш мэдэрч уралдах нь чухал. Өрсөлдөгчийнхөө хаана явааг, хэр ойрхон дөхөж ирснийг мотоциклын дуунаас нь мэддэг. Автомашины уралдаанд явалтын техник байдаг шиг мотоциклд ч бас бий. Дүүтэйгээ хамт уралддаг болохоор тэмцээнд тактик боловсруулж оролцдог. Хэрвээ би дүүгийнхээ өмнө уралдаж байвал миний хойноос хором ч холдохгүй шил дарна. Хэрвээ Алтжин түрүүлж явахад арын тамирчин нэхээд ирвэл би хаах маягаар уралддаг. Энэ мэтчилэн уралдааны замд нэгнээ дэмжих тохиолдол олон.
Хэрвээ өөр өөр гараанаас гарсан бол гар, хөлийн дохио зангаагаар ойлголцоно. Олон тамирчин уралдах тусам уралдааны зам эвдэрч, бартаа саад ихэсдэг. Тэр хэрээр тамирчдын ур чадварыг сорьдог. Аль болох бага ядарч барианд орохыг бодно. Тухайлбал, гараа эргүүлэх хөдөлгөөн хийвэл энэ нь хурдаа нэм, хөлөө өргөвөл араагаа хүндрүүл, дөрвөн хуруу өргөвөл дөрөвдүгээр араандаа шилж, гарын алгаа дээш харуулаад хэдэн удаа буулгаж өргөвөл мотоциклоосоо дээшээ босож уралд, эргэлт рүүгээ даруй ор гэсэн үг. Сүүлийн гурван тойрогт өөрт байгаа бүх боломжоо шавхаж уралддаг.
А.Алтжин: Би эгчийгээ өрсөлдөгч гэж боддоггүй. Намайг харайхад эгч тойрогдож зам тавьж өгдөг. Араас шил дарж яваа тамирчны зайг холдуулахын тулд өөрийн тоглолтод оруулна. Би эгчтэй уралдаад түрүүлсэн удаа цөөнгүй. Тийм үед эгч "Чи миний өмнө ороод түрүүлчихлээ гэж үү. Итгэж чадахгүй нь” гээд дурамжхан байдаг. Намайг бодвол эгч түргэн зантай, хурдан тайвширдаг. Дүүдээ эгч нь үргэлж үлгэр дуурайл болох ёстой гэсэн байдлаар бүх зүйлд ханддаг. Тэмцээнд ч гэсэн энэ нь ажиглагдана. Уралдаанд эргэлтийн техникийг эгч гаргууд эзэмшсэн бол би харайхдаа сайн.
Уралдааны явцад бид нэгнийхээ давуу талаас суралцдаг. Биднийг сайн тамирчин болгохын төлөө Э.Халиунболд багш маань байнга зааж зөвлөдөг. Багшийнхаа зөвлөснөөр тэмцээнд оролцож, хэлсэн зүйлийг нь хэрэгжүүлэхийг хичээдэг. Гараанаас гарахын өмнө багш "Шавь нар минь яаж уралдахыг харуулаад өг. Тамирчин хүн өөртөө итгэлтэй байхад хэцүү бүхэн ард үлддэг юм” гэж хэлдэг.
-Спортынхон олон зүйлээр бусдаас ялгардаг. Тэмцээний дараа уралдааныхаа талаар ярилцан дүгнэлт хийж, төлөвлөгөө гаргадаг уу?
А.Алтжин: Би уралдаанд аль болох өндөрт харайх дуртай. Тэнгэрт шувуу нисэж байгаа юм шиг санагддаг. Хүн сонирхсон зүйлдээ тэмүүлэхээр зорилготой болдог юм билээ. Дурлаж байгаа тэр зүйлдээ цаг хугацаа, хөдөлмөр зарцуулахаас харамсдаггүй. Бид тэмцээний дараа дүгнэлт хийдэг. Манай гэр бүлийн ярианы гол сэдэв уралдаан. Орой хооллож байхдаа амжилтаа ахиулах, мотоциклынхоо эд ангийг засах, өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцах тухай ярилцдаг, бас шүүмжлэл сонсоно, хойшид оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг боловсруулна.
А.Анар: Спортын гэр бүл байх сайхан. Гэрт хэзээ ч уйтгартай яриа өрнөдөггүй. Уралдъя, дүүлье, урагшаа, амжилт гэсэн яриа байнга сонсоно. Өдөр бүр ийм үг сонсохоор эрч хүчтэй амьдардаг. Тамирчин гэр бүлийн сэтгэл догдолж хүлээдэг баяр бол шинэ жил. Энэ жил уралдааны нийлбэр оноогоор хэн тэргүүлж, оны шилдэг тамирчин болж шагнал гардах бол гэж тэсэн ядан хүлээдэг. Тамирчин хүнд ялагдах өдөр байхад ялах өдөр гэж бас бий. Миний хувьд 2014, 2017 онд оны шилдэг тамирчин болж байлаа. Тэр жилүүдэд болсон тэмцээнд би нэг ч хожигдолгүй түрүүлсэн. 2015 онд спортын дэд мастер цол хүртэж, мэргэжлийн тамирчидтай уралдаж эхэлсэн. Өнгөрсөн жил амжилтаа ахиулж, спортын мастер цол хүртлээ. Ирэх жил ОУХМ болохоор зорьж байна.
-ОУХМ Э.Халиунболдын уралдааны техникээс суралцдаг уу. Багш тань ур чадвараараа Монголд төдийгүй Азийнханд гайхагддаг.
А.Анар: Миний зорьж буй зүйл бол багшийнхаа уралдааны техникээс эргэлтийн налууг төгс эзэмших юм сан гэж боддог. Багш эргэхдээ газар унах гэж буй мэт харагддаг ч маш хурдан босож, уралдаанаа үргэлжлүүлдэг. Мото спортын тамирчны хувьд энэ техник маш гоё, торгон мэдрэмж байдаг. Би энэ жилээс багштайгаа нэг ангилалд уралддаг болсон. Аваргуудтай мөр зэрэгцэн уралдаж, мөнгөн медаль хүртсэндээ баярладаг. Нэг гараанаас шилдэг тамирчидтай гарч үзэх юмсан гэж боддог байсан хүслээ биелүүлсэн. Тамирчин хүн гараанаасаа сайн гарвал барианд амжилттай ордог. Биднийг хүмүүс эхэндээ охид гэж мэддэггүй. Уралдааны дараа малгайгаа авахаар "Хөөх, эмэгтэй хүүхэд уралдаж түрүүлсэн байна шүү дээ” гэж гайхдаг .
А.Алтжин: Би спортын дэд мастер цолтой. Энэ ангилалд олон тамирчин уралддаг. Гараанаас 20 гаруй тамирчин гарна. Мото спорт сонирхогчид уралддаг болохоор дүрэм сайн мэдэхгүй тэмцээнд алдаа гаргаж, уралдааны зам хүндрүүлдэг . Тиймээс энэ ангилалд анхаарал, болгоомжтой уралдах хэрэгтэй. Бэлтгэлээ сайн базаасан ч тооцоолоогүй саад, бэртэл гэмтэл, осол гарахаар байр хойшлох үе бий. Уралдааны өмнөх өдөр сэтгэл зүйгээ тайван байлгаж, техникээ сайн шалгаж, алдаа, осол гаргахгүй байхаар тооцоолох хэрэгтэй. Биднийг тэмцээнд оролцох өмнөх өдөр аав мотоциклыг маань шалгаж, эд ангийг нь засаж өгдөг.
-Эгч, дүүс мото спортын шүтдэг эмэгтэй тамирчдынхаа тухай сонирхуулж яриач?
А.Алтжин: Жил бүр мото спортын олон улсын silk way ралли тэмцээн болдог. Өнгөрсөн зун энэ тэмцээнд оролцсон тамирчид Монголын нутгаар дайрч уралдсан. Бид Дакар раллид уралддаг Лаиа Санзын амжилтаар бахархдаг. Тэрбээр Италийн мото спортын шилдэг тамирчин. Уралдааны үеэр түүнтэй уулзахад гарын үсгээ зурж, өөрийнхөө өмсгөлийг бэлэглээд "Бүх чадлаараа хичээж уралдаарай” гэж урам хайрласан. Дакарт уралддаг 100 гаруй тамирчнаас эхний 10 байрт байнга шалгардаг юм. Түүний өмсгөлийг өмсөөд гараанаас гарахад энерги нь мэдрэгдсэн шүү.
-Мото спортод анх хөл тавьж байсан үеэ бодвол одоо та хоёр сайн тамирчин хэдийн болжээ. Тамирчин болсны гайхамшгийг өдөр бүр мэдэрдэг үү?
А.Алтжин: Спортоор хичээллэдэггүй хүүхдүүд чөлөөт цаг ихтэй байдаг. Тэмцээний дараа найзууд ирээд хамтдаа тоглоё, кино үзье гэж санал тавьдаг. Ядарсан ч гэсэн ядраагүй юм шиг гараад тэдэнтэйгээ тоглодог. Заримдаа гар, хөлөө шалбалчихаад, эсвэл зэмлүүлж, шүүмжлүүлээд үг даахгүй уйлж байгаа хүүхдийг хараад их гайхдаг. Амьдралд ийм зүйл байх шүү дээ, ямар сэтгэлийн хатгүй юм бэ гэж боддог. Спорт хүнийг хүмүүжүүлж, тууштай занд сургадаг болохоор аар саар зүйлд тийм амархан сатаардаггүй. Зөв хандлагатай болчихоор муу хүмүүстэй нөхөрлөж буруу замаар лав явахгүй.
А.Анар: Намайг мото спортын тамирчин гэхээр эрэгтэй хүүхдүүд "Чи нээрээ мотоциклээр уралддаг гэж үү” гэж итгэхгүй, басаж асуудаг. Уралдааны бичлэг үзээд "Хөөх, чи чинь эрчүүдээс дутахгүй уралддаг юм байна” гэхээр нь тамирчин болохын тулд эхлээд тэвчээртэй болж, дараа нь эр зориг гаргаж уралддаг юм гэж хариулдаг.
-Тэмцээнд олон удаа оролцохоор техник саатах нь бий. Та хоёр жил бүр мотоциклоо сольж шинэчилдэг үү?
А.Анар: Ур чадвар нэмэгдэх тусам мотоциклоо сольж, шинийг худалдаж авдаг. Би 15, дүү минь найман мотоцикл сольсон. Аав жилээс жилд гаргаж байгаа бидний амжилтыг хараад хэнд нь шинэ мотоцикл авч өгөхөө шийддэг. Тиймээс хоёулаа амжилт гаргаж, шинэ мотоциклтой болохыг хичээнэ. Бидний уралдах мотоциклийг аав маань загвар, өнгийг нь харж сонгоод Америкаас захиалж авчруулдаг юм.
Ирсэн мотоциклыг задалж үзээд, уралдааных болгож шинэ эд анги нэмнэ. Тэмцээнд байнга оролцдог болохоор бидний эрүүл мэндэд аав, ээж минь их анхаардаг. Мото спорт өвлийн улиралд түр завсарладаг. Тийм үед аав бидний гарын барилтыг сайжруулах зорилгоор хүчний дасгал хийлгэж, усанд сэлэлт, фитнесээр хичээллүүлдэг юм.
А.Алтжин: Уралдааны явцад нүд бүрэлзэнэ, толгой эргэж, амьсгал давчдана. Бид усанд сэлэлтээр хичээллэснээс хойш гар, хөлийн сунгалт сайн болсон, амьсгаа задарч, уушгины багтаамж сайжирсан. Усанд сэлж сурахад гар, далны булчин хөгждөг. Эмэгтэй хүүхдүүд хичээллэхэд хамгийн зөв спорт. Таван сар хичээллээд биед гарсан өөрчлөлтөө хартал мөр минь том болсон байсан. Бартаат замд уралдахаар гарын хуруу, үе өвддөг байсан бол одоо зүгээр болсон. Энэ мэтчилэн эрүүл мэндэд давуу тал ажиглагдаж байгаа.
-Мото спортын тамирчдад чанартай техник хамгийн чухал. Аль улсын ямар фирмийн мотоциклоор уралддаг вэ?
А.Алтжин: Би Австралийн KTM-250 SXF, эгч Японы YAMAHA-250 SXS фирмийн мотоциклоор уралддаг. Тэмцээнгүй үед уралдаанаа үгүйлдэг. Хавар хурдан болоосой гэж хоног тоолон хүлээнэ. Өвөл уралдаангүй үед гэрийнхэнтэйгээ мотоциклтой салхинд гарч, ойрын аялал хийдэг. Ээж минь аав, бид гурвын ар талыг дааж, гэрийн хамаг ажлыг амжуулдаг юм. Манай эмэгтэй бага дүү усан спортоор хичээллэдэг. Сүүлийн үед хоёр эгч шигээ уралдмаар байна гэж аавд хэлээд л байгаа. Манайхан саналаас нь татгалзсан. Гурван охин нь мото спортоор хичээллэвэл аав, ээж тайван сууж чадахгүй болов уу.
А.Анар: Биднийг энэ спортод амжилт гаргахад чин сэтгэлээсээ тусалж дэмждэг аав, ээждээ баярладаг. Аав маань хүүхэд байхаасаа мото спортоор хичээллэсэн, ОУХМ цолтой. Тэмцээнтэй өдөр өглөө эрт босоход ээж уралдааны хувцсыг маань угаагаад индүүчихсэн, аав мотоциклыг маань гялалзтал арчаад, дугуйг нь сольчихсон байдаг юм. Аав, ээжийнхээ ач тусад бид өртөг өндөртэй энэ спортоор хичээллэж, сэтгэл зовохгүй бэлтгэл сургуулилалт хийж байгаа. Аавыг энэ спортоор хичээллэхэд гэрийнхэн нь дэмждэггүй байсан гэсэн. Тиймээс биднийг харамсуулахгүйн тулд аав бүх талаар тусалсаар ирсэн.
Г.Батцэцэг
Эх сурвалж: Unuudur.mn
Сэтгэгдэл байхгүй байна.