Алтанбулаг дахь хууль бус олборлолт
Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх уул уурхайн зарим компанийн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан баг Орхоны хөндийд нисдэг тэрэг хөлөглөн очиж шийдвэрийг танилцуулж, газар дээр нь үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь хурааж сүрийг үзүүлсэн билээ. Угтаа Архангай аймгийн Орхон голын сав газрыг манайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэж "Алтан Дорнод Монгол” компани аль хэдийн олборлолт хийж, авдгаа аваад нөхөн сэргээлтээ хийгээгүй. Сүүлд нь тусгай зөвшөөрлөө "БМНС” компанид шилжүүлж хаяж явсан газар. Эдний сүйтгэж орхисон их хэмжээний талбай буюу үлдсэн овоолго дээр нь жижиг компаниуд сүүлийн хэдэн жил дураараа дургиж Орхон голын амийг тасартал, байгаль орчны эко систем алдагдтал, ард олныг нь уух усгүй, мал бэлчээрлэх нутаггүй болтол алтыг нь ухсаны дараа төр ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг сум болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт Туул болон Бөхөг голын сав газрын энгийн хамгаалалттай бүсэд хайрга дайрга олборлож, хөнгөн цагаан, төмөр хайлшны үйлдвэрүүд хот дотор хүчээ аван ажиллаж, байгаль орчны эко систем алдагдах нөхцөл байдал үүсээд байгааг Засгийн газар хийгээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сонорт хүргэе.
Алтанбулаг суманд уул уурхайгаас болж 247 га газар эвдэрч түүний 10 хүрэхгүй хувьд нь нөхөн сэргээлт хийсэн аж. Түүнчлэн эко хохирлын үнэлгээ хийлгэхэд нэг га талбай таван сая төгрөгийн үнэтэй. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг 3-4 компани байдаг бол найман компанид хууль бус зөвшөөрөл олгосон. Эдгээрийн зургаан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тухай байгаль орчны байцаагч н.Батдэлгэр ярьж байв. Сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх "Орон нутгаас санаачлага гаргаж хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар олон удаа оролдож, заримыг нь цуцлуулсан боловч компаниуд төрийн шийдвэрийг үл тоон ажилласаар байдаг.
Бид "Бөхөг” голын ай савыг уруудан нөхөн сэргээлт хийлгүй хаясан, цуцлагдсан нэртэй ч хулгайгаар ажиллаж байгаа гэх хэд хэдэн компанийн олборлолт явуулж байгаа талбайд очсон юм. Гэтэл дөнгөж сая ажиллаж байгаад шалгалт ирснийг дуулаад хаяад нуугдсан бололтой. Манаач хэмээн өөрийгөө танилцуулсан хүнээс өөр хүн ойр хавьд нь харагдахгүй хэрнээ техникүүдийнх нь шинэ мөр тод харагдаж байлаа. Манайх ажиллахгүй олон хонож байна гэсэн ч хүмүүсийн угаасан хувцас, санд мэнд орхисон болов уу гэмээр байдалтай шигшүүр, ховоо энд тэнд замбараагүй харагдаж байв. Зарим нь хэвлэлийнхэн ирсэн сургаар ажиллаж байсан карьер уурхай руу ордог хэсэг дээрээ шороо асгаж замаа хаасантай тааралдсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.