АНУ-ын аж үйлдвэрийн индекс буурчээ
АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан даамжирч буй энэ үед АНУ-ын аж үйлдвэрийн гол индекс сүүлийн 10 жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн гэж Нийлүүлэлтийн менежментийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, есдүгээр сард үндэсний аж үйлдвэрийн үйл ажиллагааны индекс 1.3 нэгжээр буурч, 47.8 нэгжид хүрчээ. Энэ нь 2009 оны зургадугаар сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Аж үйлдвэрийн гол индекс сүүлийн хоёр сар дараалан 50 нэгжээс доошилсон нь үйлдвэрлэлийн салбар агшиж байгааг харуулж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үүнд голлох нөлөө үзүүлж байгаа аж.
Үүний зэргэгцээ АНУ-ын Төв банк ам.долларын ханшийг чангаруулсан нь аж үйлдвэрийн салбарт сөргөөр нөлөөлсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.