800 хятадын хэргээр худал мэдээлэл өгсөн ТЕГ-ын дарга Д.Гэрэл ямар хариуцлага хүлээх вэ?
Хятадын 800 орчим иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дуулиант хэрэгтэй холбоотой зарим асуудал одоо ч асуултын тэмдэгтэй хэвээр байгаа. Тухайлбал, ийм олон хятад иргэн Монголд юу хийж байсан талаарх мэдээлэл бүрхэг гэж хэлж болно.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "БНХАУ-ын иргэдтэй холбоотой үүссэн энэ асуудал мөнгө угаах хэмжээнд яригдаж байна. Мөнгө угаах гэдэгт тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно” гэсэн өөх ч биш, булчирхай ч биш энэ тайлбар олон нийтийг төөрөгдөлд оруулж буй.
Гэтэл сүүлийн жилүүдэд хуулийн сахилга бат муу Фижи, Канбож гэх мэт улсуудад энэ мэт Хятад иргэд их хэмжээгээр бүгэн төр, иргэдийн нууцад халдах, луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн Хятад иргэдээс их хэмжээний гар утас, дугаар, өндөр чадлын компютер бэлэн мөнгө хураасан байна.
Тийм ч учраас хятадууд хэдэн зуугаараа Монголд орогносон шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм.
Бүр Тагнуулын Ерөнхий газрын дарга олон нийтэд худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн гэх асуудал цахим орчинд хөндөгдөж эхэллээ.
Тодруулбал, Д.Гэрэл дарга тухайн үед 800 хятад иргэнийг 8 дугаар сараас хойш ажиглаж байсан гэх боловч Гадаадын иргэн харьяатын мэдээллээр эдгээр Хятад иргэд нь 10 дугаар сард Монгол улсад ирсэн нь батлагдсан. Мөн тэрбээр иргэнд дугаар олгохтой холбоотой хуулийн зохицуулалт байхгүй, одоо л дөнгөж боловсруулж байгаа хэмээн тайлбар хийсэн.
Гэтэл Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.11-д Хэрэглэгчид гар утасны дугаар олгохдоо иргэний регистерийн дугаарыг бүртгэнэ гэж заасан байдаг аж.
Эндээс Тагнуулын дарга үнэхээр хугацаа болоод хуулиа мэдэхгүй байв уу, эсвэл мэдэн будилав уу гэсэн асуулт гарах нь тодорхой. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах энэ асуудал дээр тагнуулын дарга яагаад мэдээллийг нууцалж, бүр ташаа мэдээллийг тараах болов.
Үүний цаана чухам юу нуугдаж байна вэ гэдэг олны анхаарлыг зүй ёсоор татаж үеэ өнгөрөөсөн даргыг "тэтгэвэрт” гаргаж энэ салбарт ажлаа мэддэг чадварлаг хүн тавих цаг нь болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
ТЕГ-ын Д.Гэрэл даргыг тойрсон дуулиан үүгээр дууссангүй. Хэдхэн сарын өмнө түүнийг ТЕГ-ын даргаар хууль бусаар томилогдсон гэх асуудал яригдаж ҮХЦ хүртэл явсан. Төрийн албаны хуулинд боловсон хүчний насны дээд хязгаарыг 65 гэж заасан байдаг юм байна. Гэтэл Д.Гэрэл даргын нас сүүдэр 70 шүргэж яваа гэх. Бидэн ирсэн эх сурвалжийн мэдээллээр энэ асуудал дахин сөхөгдөж эхлэх бололтой.
Т.Хэрлэн
Эх сурвалж: Zuv.mn