Н.Жанцанноров: Энэ залуус Монгол Улсын бахархал

0

Н.Жанцанноров: Энэ залуус Монгол Улсын бахархал

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров

 
Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн гэж таны хувьд …
 
-Аливаа хүнд үнэт зүйл гэж байдаг. Монголчуудын хувьд үнэт зүйлийн хамгийн дээд орой дээр тусгаар тогтнол оршиж байдаг гэж би ойлгодог. Хэрэв тусгаар тогтнол үгүй бол тэр үнэт зүйлийн хэмжээ өөрчлөгдөнө. 30-аад жилийн өмнө бид Чингис хааны тухай ярьж чаддаггүй байсан. Тэр бол тусгаар тогтнол гэсэн үнэт зүйл 100 хувь байгаагүйтэй холбоотой. Өнөөдөр Чингис хаан Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгоход тэгж их гавьяа байгуулсан юм бол түүнийг магтан дуулах, алдаршуулах эрхтэй. Тэр эрхийг хэн ч хязгаарлаж чадахгүй. Эх орон гэдэг үг XX зуунд орж ирсэн шинэ үг гэж хэлж болно. Түүнээс өмнө ярианы хэлэнд болон утга зохиолд тийм их хэрэглэгдэж байгаагүй. Өмнө нь бид Оросын соёл, улс төрийн бодлогын нөлөөнд байх үед манайхан ихэвчлэн "родина” гэж үгийг эх орон гэсэн үгтэй дүйж хэрэглэдэг байсан. Бас бүхлээр нь бол эх нутаг, өлгий нутаг гэж хэлдэг байсан. Эх оронтой байна гэдэг би өөрийн гэсэн оноогдсон газар нутаг дээр миний юм гэж хэлэх бүрэн эрхтэй тэр орон зайг л эх орон гэж ойлгож байгаа. Эх оронтой хүн хамгийн дээд заяат хүн гээд хэлчих бүрэн боломжтой юм. Бид нэг сая таван зуун мянган километр газрыг миний юм гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэгэхээр бид хамгийн баян хүн байгаа биз.
 
Бид үнэт зүйлээ хэдийнээс үнэлж сурсан юм бол …
 
-Манайд үнэт зүйлийн баримжаа алдагдсан гэж би ойлгодог.
 
Яагаад …
 
-Өнгөрсөн зуунд Монгол, Зөвлөлтийн найрамдалт харилцаа бол үнэт зүйлийн дээд оргил нь байлаа. Одоо харин бид юуг үнэт зүйл вэ гэдгээ хараахан ялгаж салгаж, тогтолцоонд оруулж амжаагүй, сэтгэлгээний шилжилтийн үед байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж үнэт зүйлийн баримжаа бий болсон. Тэр үеэс хойш хоёр удаа шинэчлэгдэж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдаж, монгол төрийн үзэл суртлын баримт бичиг бий болсон. Үзэл суртлын тунхаг нь энэ байлаа. Тэнд үнэт зүйлийн баримжааг гаргаж өгсөн ч бид хараахан системчилж чадаагүй байна. Тиймээс одоохондоо үнэт зүйлээ их энгийнээр омогшил, бахархал гэсэн хүрээгээр хэрэглээд явж байна.
 
 
Омогшил бол үнэт зүйл байж таарахгүй, бахархал бол зарим талаараа таарна, зарим талаараа таарахгүй. Омогшил нь хөөрөлтэй холбоотой, бахархал нь үнэлгээний хэмжүүр биш, сэтгэл хөдлөлийн хэмжүүрээр явбал бахархал болж болно. Тэр бол гайхамшиг.
 
 
Тэгвэл монгол бахархал гэж таны бодлоор …
 
-Бид үнэт зүйлийнхээ баримжааг системчилж чадаагүй гэж дээр хэлсэн. Тийм учраас нэршлүүд нь өөрөө сүртэй, сэтгэл хөөрлийн шинжтэй байна. "Монгол бахархал”, "Монгол ялна” гэх мэт. Философи утгаар нь авч үзвэл зарим талаараа тийм ч төгс томьёочлогдсон нэр биш. Хүмүүс яг юуг "Монгол бахархал” гэж хэлээд байгааг би хувьдаа мэдэхгүй юм. Миний хувьд "Монгол бахархал” гэдэг томьёоллынхоо дор юуг оруулж болох вэ гэвэл өөр. Бидний бахархал нь хоёр зүйл л байх ёстой. Нэгдүгээрт, үнэт зүйл, хоёрдугаарт, бусдаас юугаараа өөр вэ гэдэг зүйл. Тэр өөр нь л бидний бахархал болж чадна. Ижил зүйл бол бахархал биш. Юугаараа өөр байгаагаа олох юм бол тэр өөр зүйл нь бусдад байх ёсгүй. Бусдад байхгүй тэр өөр зүйл нь бидний давуу чанар байх учиртай. Хэрэв бидэнд энэ давуу чанар байгаа бол монголчуудын чадавх тэнд байгаа. Энэ л бахархал юм. Жишээлбэл, монголчуудын хувьд байгалийн үзэгдэл давуу чанар болно. Эрс тэс уур амьсгал бидний бахархал. Байгальтайгаа холбогдоод бид таван хошуу малыг мянга, мянган жил маллаж, гаршуулсан. Тэр мал бол зөвхөн энэ дөрвөн цаг, улиралд зохицуулагдана. Мал малласан энэ үйл явдал нь зөвхөн хувцас хунар, идэш уушаа бэлдсэн явдал биш. Бүхэл бүтэн соёлын тогтолцоо болж төлөвшсөн. Энэ тогтолцоо бол давуу чанар юм. Тиймээс мал маллах нь бидний нэг бахархал юм. Бид Азийн орнуудаас хамгийн түрүүнд үйлдвэржсэн, технологижсон, оюунжсан ард түмэн. 1926 онд Д.Нацагдорж, Д.Намдаг гээд мундгууд Герман, Франц руу сургуульд явж байсан. Бараг 100 жилийн өмнө шүү дээ. Гэтэл Хятад, Солонгос хүмүүс эдгээр оронд сурч байгаагүй. Тохиолдлоор ганц хоёр хүн явж байсныг үгүйсгэхгүй ч улсын бодлогоор яваагүй. Азийн орон мөртлөө дэлхийн соёл, технологийн ололт амжилт руу нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүс эрт хүчтэй орсон. Ийм орон бараг байхгүй. Тиймээс өнөөгийн нүүдлийн уламжлалт соёл, дэлхийн соёлын ололт хоёрыг хольж цогцлоосон монголчуудын оюун санаа дэвшингүй давуу чанар. Давуу чанар чинь бахархал. Үүний тод жишээ нь монгол хүүхдүүд дэлхийн оюуны спортод амжилт үзүүлж байна. Тиймээс монгол бахархлыг ингэж системчлэн авах хэрэгтэй. Түүхэн бахархал бол бидэнд бий, үүнийг үгүйсгэж болохгүй. Түүнийг давтахын төлөө явах биш, ой санамжид байх ёстой зүйл юм.
 
Өнгөрсөн түүхийн бахархалт үйл явдал өнөө цагийн тэмдэглэлт үйл явдал болох нь элбэг байдаг …
 
-Наадхыг чинь л хэлээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийг эзэгнэсэн Хүннү гүрэн энэ газар оршин тогтносон,дэлхийн хуурай газрын дийлэнхийг барьж байсан, Их Монгол Улс байгуулсан учраас бид мундаг гэж тэр түүхийг өөрсдөдөө нялзайгаад байж болохгүй. Жишээлбэл, хүний биед 3-5 литр цус байдаг гэж бодоход тэрэнд Чингисийн цуснаас 200 грамм цус бий гэж итгэж болохгүй. Тэгэх л юм бол бид орчин үеийн хэллэгээр шинжлэх ухаанч бус бахархал руу явна гэсэн үг. Одоо бол сэлмээр, хурдан мориор дэлхийн талыг эзлэхгүй. Тиймээс ахиад хэлэхэд бид оюун санааны ололт дээр тулгуурласан зүйл дээрээ бахархлаа тулгуурлахгүй бол хоцрогдоно. Хамгийн ойрын жишээ бол ардын дуу, морин хуур бол Монголын бахархал. Монгол эх орон, мал малласан малчны соёлоос бий болсон түүхэн урлаг. Сахарын цөл, Шанхайгаас ч юм уу, энэ аялгуу гарах ямар ч боломжгүй. Тэд чадахгүйдээ, хүн нь муудаа биш амьдралын хэв маяг, орчин нь хэзээ ч бүрдэхгүй учраас тэр гэсэн үг. Үүнтэй адил Бээжин дуурийг бид хийж чадахгүй. Тэнд агуу том соёл, түүх нь хамт явж байгаатай холбоотой. Монгол хүн хаана ч очсон гэсэн тэр хүнтэй яг ижил гэж бодох хэрэгтэй. Өөр болгож байгаа нь монгол эх орон, газар нутаг, цаг улирал, туулж ирсэн түүх, зан заншил, ёс суртахуун юм. Өөрийгөө бусдаас өөр байгаагаа хайж олохын төлөө л явж чадах юм бол эх оронч үзэл, монгол бахархал гэдгээ олж харж илүү өөрийгөө нээн илэрхийлж даацтай иргэн болно гэж би ухаардаг даа.
 
Тэгвэл таны уран бүтээлүүд бусдаас өөр байж чадаж буй учир энэ цаг үед бахархал болж байна. Тийм үү …
 
-Би дэлхийн хөгжмийн зохиолч болохыг эхнээсээ зориогүй. Харин Монголын хөгжмийн зохиолч байх эрхэм үүрэгтэй. Дэлхий тоох эсэх нь дэлхийн хэрэг гэж хариулмаар байна. Хийсвэрээр ярьвал миний бүх уран бүтээлд Монголын бахархал шингэсэн ч миний бүтээл сайн болсон гэсэн үг биш. Яагаад гэвэл би дэлхий ертөнцийн тухай эсвэл далайн тухай хөгжим бичихдээ төрсөн нутгийнхаа хэдэн уул, нуураа зүрхэндээ тээж, сэтгэлдээ зурж тэр л мэдрэмжээрээ хөгжмөө зохиодог. Мандухайн хөгжмийг хүмүүс хэлэхдээ үнэхээр л XlV, XV зуунд л ийм хөгжим байсан байх гэдэг. Гэтэл тэрийг би мэдэхгүй шүү дээ. Бас л төсөөлөл маань явж байгаа хэрэг. Тэрнээс бүх газрыг үзэж байж хөгжмөө бичдэг гэсэн үг огтоос биш.
 
 
Миний уран бүтээл бүрт Монгол бахархал шингэсэн байх ёстой, Монголын үнэт зүйл хөгжмийн эгшгээр суусан байх ёстой, монголчуудын өнөөдрийн эгшгээр илэрхийлэгдэх оюун санааны бүтээмж миний бүтээлд туссан байх ёстой гэсэн зүйлийг баримталдаг. Харин оносон, оноогүй тухай асуудал бол миний ч үеийн асуудал биш, дараагийн дараачийн үеийн асуудал.
 
 
Цаг хугацаа, орон зайн хувьд хэнд ч үл захирагдах бүтээл мөн нэг төрлийн бахархал биз …
 
-Цаг хугацаагүй бүтээл л мөнхийн бүтээл юм. Уран бүтээлч хүн бол цаг хугацаа, орон зайн хувьд хөрвөх чадвартай байдаг. Жишээлбэл, 63 онд бичсэн байж болно. Тэрийг 500 жилийн өмнө хойно ухрааж урагшлуулж уншихад л тэр цаг үед таарч байх нь тухайн хүний авьяас чадвараас шалтгаална. Мөн Ромео, Жульеттаг хар л даа, ямар ч зуунд найруулсан өнөөдрийн асуудал л байгаад байдаг. Энэ чинь л бүтээлийн үнэ цэн юм. Миний бүтээлүүд бол орчлон ертөнц, хүмүүнийг би хэрхэн яаж харж, хүн яаж хараасай гэж хүсэж байгаагийн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл боломжийн хэрээр мөнхийн үзэгдэлтэй ажиллаж байдаг гэж хэлж болно. Цаг хугацаанд баригддаггүй оюун санааны бүтээлийг төр, нийгэм, хүмүүс их хүндэтгэж хайрладаг. Надад л гэхэд Монгол Улс байдаг шагналаа өгч байна. Яагаад өгөөд байна вэ гэхээр чиний хийгээд байгаа юм бусад хүмүүсийн цагт хэрэгтэй байна гэж байгаа юм. Нийгмийг эдийн засаг авч явдаг бус оюун санаа л авч явдаг. Оюун санаа л тэр эдийн засаг, амьдралыг бий болгоно. Тэр олсон оюун санааны сан хөмрөг дээр эдийн засгийн эрүүл тооцоо гарч ирнэ. Дэлхий нийтийн бүх ололт амжилт бол эдийн засгийн зөв тооцоон дээр явна. Оюун санааг л дээд эрэмбэ гэж үзэх хэрэгтэй.
 
Цэргийнхнийхээ талаар танаас асуулгүй өнгөрч болохгүй байх даа …
 
-Манай Зэвсэгт хүчин бол байлдаан ч Зэвсэгт хүчин биш. Тэгэх ч шаардлага байхгүй. Гэхдээ маш өндөр чадвартай байх ёстой. Технологийн хувьд ч гэсэн эх орон эдийн засгийн хөгжлөөс үл хамаарч сайжирсаар байх хэрэгтэй. Яагаад гэвэл аливаа зүйл мөнх биш. Ямар ч улс үндэстэн мөнх бус. Мөнхөд орших болтугай гэж дуулж, хуурдаж байгаа хэдий ч туйлын мөнх зүйл гэж үгүй. Үүнийг дэлхийн түүх бидэнд бэлхнээ хэлээд өгнө. Их Монгол улс, Юань гүрэн, их Манж Чин улс, Ромын эзэнт гүрэн гээд бүгд мөнх бус байсан. Хамгийн ойрын жишээ ЗХУ байна. 70 жил л оршин тогтносон. Тиймээс бид хоёр том аварга хөрштэй улс амгалан тайван мөнх байна гэж бодож болохгүй. Тэр нь маргааш уу, нөгөөдөр үү, 100 жилийн дараа юу, бүү мэд. Энэ хөдөлгөөнд бид яаж тэсэж үлдэх вэ гэдэг л чухал. Эх орноо батлан хамгаалах чадамж энд л харагдах учиртай. Үлдэх л ёстой. Ямар ч цаг үед ямар ч нөхцөл байдалд. Зэвсэгт хүчин хэдий чинээ чадавхтай байх тусам би амар тайван амьдарч байгаа юм. Би амар амгалан байна гэдэг Зэвсэгт хүчний ач гавьяатай салшгүй холбоотой. Бүтэн орон, амгалан иргэнтэй орон үлдээж байна гэдэг та бүхний гавьяа юм. Уран бүтээлч хүн бол өмнөө байгаа зүйлийг харах хэрэгтэй байдаг бол Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа хүн ардаа юу үлдээж байгаагаа бодох хэрэгтэй. Тэр цагт алдар гавьяа өөрийн чинь гарт байж чи бахархалтайгаар амьдарсан гэж бодох хэрэгтэй.
 
Та цэргийнхнээс тэр бахархлыг олж харж чаддаг болов уу?
 
-Дээр үеэс би цэргийнхэнтэй ойр байж цэргийн ангиудаар олон удаа очиж байсан. Бахархал гэдэг үг цэргийнхэнд илүү зохино. Цэргийн жагсаалд жигдрэн зогсож байгаа цэргээсээ дарга хүртлээ өөрийнхөө үйл хэрэгт итгэлтэй, юуны төлөө байгаагаа мэдэрсэн байдаг. Энэ итгэлтэй байгаа байдал нь бахархал төрүүлдэг. Би яагаад бахархах ёстой гэвэл би баталгаатай байгаа юм байна гэсэн үг.
 
Энхийг сахиулагчдын талаар та юу гэж хэлэх бол …
 
-Энэ залуус Монгол Улсын бахархал, дархлааг бий болгож байгаа гэж боддог. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд амьдарч байгаа манай улсыг дэлхий таньж байгаа. Яагаад гэвэл Монголын арми дэлхийг тохинуулах үйлсэд хүчин зүтгэж байгаа учир. Энэ л хамгийн чухал. Цөмийн зэвсгээр байлдахгүй, түүнийг хэрэглэхгүй байгаа ч цөмийн зэвсэгтэй байна гэдэг ямар мундаг вэ. Үүнтэй агаар нэг энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа армитай байна гэдэг бахархам үйл хэрэг юм.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex